Ираны агаарын цохилтод Саудын Араб дахь АНУ-ын бааз өртөхөд хэд хэдэн нисэх онгоц гэмтэж, арван цэрэг шархаджээ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Ираны пуужингууд Саудын Араб дахь АНУ-ын агаарын баазыг оносны улмаас хэд хэдэн онгоц гэмтэж, арав орчим цэрэг шархадсан тухай Вашингтоны нэрээ нууцалсан эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.

Цохилтод өртсөн бааз нь “Prince Sultan Air Base” бөгөөд энэ үеэр агаарт шатахуун түгээгч нисэх онгоцнууд гэмтсэнийг нэг эх сурвалж мэдээлсэн байна. Өөр нэг эх сурвалж шархадсан цэргүүдийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгааг мэдээлжээ.

Иран улсыг “устгасан” тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зарлаж, “түүхэнд хэзээ ч аль нэг улсын цэргийн хүчийг ийм хурдан бөгөөд үр дүнтэй сулруулсан тохиолдол байгаагүй” гэж Пентагоны тэргүүн Пит Хэгсэт мэдэгдсэний маргааш уг халдлага болсон байна.

Нэг сарын турш үргэлжилж буй энэ дайнд нийтдээ 300 гаруй цэрэг шархдаад байгааг Баасан гарагт АНУ-ын цэргийн төв тойргийн командлал мэдээлсэн юм.

Шархадсан цэргүүдийн ихэнх нь эмчлүүлснийхээ дараа дахин үүрэг гүйцэтгэж эхэлсэн, 30 нь албаа бүрмөсөн дуусгасан, 10 нь хүнд шархадсан гэнэ.

“Prince Sultan Air Base” анх удаа агаарын цохилтод өртсөн нь энэ биш юм. Гуравдугаар сарын нэгэнд тус бааз анх удаагаа Ираны агаарын цохилтод өртөхөд АНУ-ын армийн түрүүч, 26 настай Бенжамин Н. Пеннингтон шархдаж, хэд хоногийн дараа нас барж байв.

Тэрбээр энэ дайнд амь үрэгдсэн АНУ-ын 13 цэргийн алба хаагчийн нэг юм.

АНУ, Израилийн армиуд Ираны цэргийн болон стратегийн байгууламжуудыг чиглэсэн агаарын цохилтоо үргэлжлүүлж байгаа ч дэлхийн эрчим хүчний тээврийн чухал зам Ормузын хоолой хаалттай хэвээр байна.

Ираны тал тус хоолойгоор нэвтрэх газрын тос, шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэгч хөлгүүдээс аюулгүй байдлыг нь хангасны төлөө төлбөр авч байгаа тухай Пүрэв гарагт Персийн булангийн Араб улсуудын блок мэдээлжээ.

Ерөнхийлөгч Трамп дөрөвдүгээр сарын 6-нээс өмнө Ормузын хоолойг нээх нөхцөлийг Ираны талд тулгасан. Энэ хооронд тэр Пакистаны зуучлагчдаар дамжуулан Тегеранд танилцуулсан дайн дуусгах 15 зүйлт төлөвлөгөөнийхөө хариуг хүлээж байна.

Ойрх Дорнодын мөргөлдөөнийг тойрсон тодорхойгүй байдал Баасан гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийг унахад хүргэсэн юм.

S&P 500 индекс энэ өдөр 1.7 хувиар унаж, дайн эхэлснээс хойших хамгийн муу долоо хоногийг, дараалан унасан тав дахь долоо хоногийг дуусгажээ.

Энэ өдөр Dow Jones Industrial Average индекс 1.7 хувь, Nasdaq composite индекс 2.1 хувиар унасан бол түүхий газрын тосны үнэ үргэлжлэн өссөн байна.

 

Эх сурвалж: Associated Press