Ираныг бөмбөгдөх хугацаагаа 10 өдрөөр хойшлуулсан Трамп 10 хөлөг Ормузын хоолойгоор нэвтрүүлэх бэлэг авснаа мэдэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ираны цахилгаан станцуудыг бөмбөгдөх хугацааг дахин 10 хоногоор хойшлуулж байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлажээ.

Ираны эрх баригчдын хүсэлтээр уг хугацааг Вашингтоны цагаар дөрөвдүгээр сарын 6-ны 20:00 цаг хүртэл сунгаснаа тэр тайлбарласан байна.

Өнгөрсөн Бямба гарагт Трамп дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолойг бүрэн нээх 48 цагийн хугацааг Ираны талд өгч, биелүүлээгүй тохиолдолд тус улсын цахилгаан станцуудыг бөмбөгдөхөөр сүрдүүлсэн юм.

Даваа гарагт тэр энэ хугацаагаа таван өдрөөр сунгасан нь өнөөдөр буюу Баасан гарагт өндөрлөж байна.

“Ираны засгийн газрын хүсэлтийн дагуу тус улсын эрчим хүчний станцуудыг устгах хугацааг зүүн эргийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны Даваа гарагийн 20:00 цаг хүртэл 10 хоногоор хойшлуулж байна” гэж Трамп өөрийн сошиал хуудсаар мэдэгджээ.

Тэрбээр цааш нь “Хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон бусад хүмүүсийн тараасан худал хуурмаг мэдэгдлүүдийг үл харгалзан маш сайн явж байгаа” гэж бичсэн байна.

Агаарын цохилтоо олон удаа хойшлуулж байгаа нь улс төр, эдийн засгийн хүнд дарамтад орсон Трампын засаг захиргаа Иран улсын эсрэг эхлүүлсэн дайнаа яриа хэлэлцээний замаар дуусгахыг хичээж байгааг харууллаа.

Энэ долоо хоногт Трампын засаг захиргаа 15 зүйл бүхий дайн зогсоох төлөвлөгөөг Пакистаны зуучлагчдаар дамжуулан Ираны талд танилцуулсан юм.

Гэхдээ Тегераны эрх баригчид үүнийг нь няцааж, өөрийн хариу шаардлагыг тулгасан гэх мэдээлэл ирж байгаа.

Дипломат хүчин чармайлтын хажуугаар АНУ хэдэн мянган цэргийн алба хаагчаа Ойрх Дорнодод илгээсэн нь Ираны дэглэмд шахалт үзүүлэх зорилготой бололтой.

Өчигдөр гаргасан өөр нэг мэдэгдэлдээ Трамп хэтэрхий оройтохоос өмнө дайныг дуусгах яриа хэлэлцээнд илүү нухацтай хандах хэрэгтэйг Ираны талд анхааруулжээ.

Ираны тал яриа хэлэлцээний ширээнд суух хүсэл эрмэлзлээ харуулах зорилгоор АНУ-д эрчим хүчний “томоохон бэлэг” барьсан тухай Мягмар гарагт Трамп мэдэгдэж байсан юм.

Тэрбээр энэ нь яг юу болохыг тухайн үед тайлбарлаагүй.

“Тэд бидэнд бэлэг өгсөн, энэ нь асар их мөнгөний үнэ цэнтэй маш том бэлэг” гэж Трамп хэлж байв.

Харин өчигдөр Цагаан ордонд болсон засгийн газрынхаа хуралдааны үеэр Трамп үүнийг дэлгэжээ.

“Тэд асуудалд бодитой, тууштай хандаж байгаагаа харуулахын тулд бидэнд газрын тос тээвэрлэгч найман хөлгийг саадгүй нэвтрүүлэхээ амласан. Тэд үнэн хэлсэн, эцэст нь Пакистаны далбаатай 10 хөлөг нэвтрүүлсэн” гэж Трамп энэ талаар тайлбарласан юм.

 

Эх сурвалж: Associated Press