Өмнөд Солонгос улс Филиппиний шоронд хоригдож байсан томоохон гэмт хэрэгтнээ түр хугацаагаар шилжүүлэн авчээ
Өмнөд Солонгосын эрх баригчид өчигдөр Филиппиний шоронд хоригдож байсан томоохон гэмт хэрэгтнээ түр хугацаагаар шилжүүлэн авчээ.
Энэ нь сүүлийн есөн жилийн хүчин чармайлтын үр дүн юм байна.
48 настай Пак Ван Ёл өчигдөр энгийн хувцастай цагдаа нарын хамгаалалт дор Инчоны олон улсын нисэх буудалд газарджээ.
Тэрбээр 2016 онд Филиппиний Бакалод хотын гаднах чихрийн нишингийн талбайд Өмнөд Солонгосын гурван иргэний амийг хөнөөсөн хэрэгтээ шоронд 60 жилийн хорих ял эдэлж байсан юм.
Тэдгээр хохирогчид нь 15 тэрбум воны пирамид сүлжээний хэргээр эрүүгийн хэрэгт холбогдоод байхдаа Филиппин рүү зугтсан хүмүүс байжээ. Тэд Пакийн казиногийн бизнест 720 сая воны хөрөнгө оруулсан байна.
Гэвч Пак мөнгийг нь авсныхаа дараа тэдний амийг хөнөөжээ. Энэ хэрэг Өмнөд Солонгост “нишингийн талбайн аллага” хэмээн нэрлэгддэг.
Пак өнгөрсөн хугацаанд 2017 ба 2019 онуудад хоёр удаа шоронгоос оргож байжээ.
Тэрбээр шоронгоос хар тамхины бизнесээ удирдаж, Телеграм сүлжээнд “Jeongsegye” (Дэлхий даяар) нэрээр Өмнөд Солонгос руу мансууруулах бодис нийлүүлдэг байсан байна.
Пак шоронд VIP хоригдол байж, хүссэнээ хийж чаддаг, бүр найз бүсгүйгээ хүртэл гаднаас нэвтрүүлж чаддаг байсан гэнэ.
Өмнөд Солонгосын эрх баригчид сүүлийн есөн жилийн турш түүнийг шилжүүлж авахаар хөөцөлдсөн ч Филиппиний тал татгалзаж байсан юм.
Харин энэ сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн тус улсад айлчлахдаа уг асуудлыг ерөнхийлөгч Фердинанд Маркостой шууд ярилцсанаар шийдэгджээ.
Гэхдээ Пакийн шилжүүлэлт түр хугацааных юм. Түүнийг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хар тамхи түгээх сүлжээ ажиллуулсан хэрэгт холбогдуулан шалгаж, мэдүүлэг авсны дараа Филиппинд буцааж, үргэлжлүүлэн хорих юм.
Өөрөөр хэлбэл түүнийг Өмнөд Солонгост ажиллаж байсан хамсаатнуудынх нь гэрчээр шүүх хуралд дуудах юм байна.
“Энэ бол манай улсын хамгийн цуутай гэмт хэрэгтнүүдийн нэг. Түүнийг шилжүүлэн өгөх ажиллагаа түр зуурынх боловч нэлээд ач холбогдолтой. Энэ нь гадаадад оргон зайлсан гэмт хэрэгтнүүдэд зугтах газар байхгүйг харуулах юм” гэж тус улсын хууль зүйн яаманд албан тушаал хашиж байсан Infinity Law Firm-ийн хуульч И Дон Ун ярьж байна.
Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамны гаргасан тоо баримтаас үзвэл өнөөдөр тус улсын 1,163 иргэн дэлхийн 52 улсын шоронд хоригдож байгаа юм.
Эдгээрээс 262 хүн хар тамхины хэргээр хоригдож байгаа нь хамгийн том бүлэг болж байна.
Тэдгээрийн дөрөв нь тухайн улсынхаа хуулиар цаазын ял сонсжээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
