"Хугацаат цэргийн хоёр алба хаагч харилцааны зөрчил гаргаж, нэг нь бэртсэн. Юугаар яаж зүссэнийг дэлгэрэнгүй ярих боломжгүй"
Энэ сарын 22-ны өдөр Зэвсэгт хүчний … дугаар ангийн байлдагч бусдад зодуулж, хүнд бэртэл авсан тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарчээ. Үүнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын холбогдох албан тушаалтнууд өнөөдөр тайлбар мэдээлэл өглөө.
Зэвсэгт хүчний барилгын инженерийн цэргийн штабын дарга, хурандаа Б.Дорждэрэм: Гуравдугаар сарын 22-ны 17:00 цагийн үед Баянхонгор аймагт байрладаг барилгын инженерийн цэргийн харьяа анги дээр хугацаат цэргийн хоёр алба хаагч харилцааны зөрчил гаргасан. Тэр зөрчлөөс болоод нэг цэрэг бэртсэн.
Барилгын цэргийн удирдах газраас болсон үйл явдлыг яаралтай тодруулаад энэ сарын 23-ны шөнө Цэргийн төв эмнэлэгт авч ирээд үүссэн шархыг косметик оёогоор орсон. Шархны байдлыг харахад урт зүсэгдсэн байсан. Анхны тусламж үзүүлэхдээ эвгүй оёсон байсан. Хүний нүүр царай дээр байгаа шарх учраа яаралтай авч ирээд косметик оёо шаардлагатай гээд гэр бүлтэй нь тохирсон.
Одоогийн байдлаар хугацаат цэргийн алба хаагч маань оёогоо тавиулсан. Биеийн байдал хэвийн, ухаан санаа орж гараагүй байгаа.
17:10 цаг гэхэд Баянхонгор нэгдсэн төв эмнэлэг дээр тэр цэрэг хүргэгдсэн. Тухайн өдрийн анги дээр харуул манаанд гарч байсан алба хаагчид 10 минутын хугацаанд цэргийг эмнэлэгт авч очсон. Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээгээд ажиллаж байна. Юугаар яаж зүссэн бэ гэдгийг дэлгэрэнгүй ярих боломжгүй.
Зэвсэгт хүчний хяналт, үнэлгээний газрын дарга, Бригадын генерал С.Баяр-Очир: Хагас сайн, Бүтэн сайн бол амралтын өдрүүд. Цэргүүд үдээс хойш амарч байдаг. Энэ бол хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал. Ямар нэгэн офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье. Энэ хүүхэд нэг нутгийнх гэж явдаг, хоёулаа Завхан аймгийнх. Хамгийн дотно хоёр найз үл ялих шалтгаанаас болж маргалдаад зүй бус харилцаа үүссэн байна.
Батлан хамгаалах салбар дүрмийн бус харилцаа гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Оны ялгаа гэдэг зүйл олон жилийн цэрэгтэй байхад оршиж байсан байх магадлалтай одоо бол байхгүй. Цэргүүдийн аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулж байгаа. Цэргийн ангийн байранд хурц үзүүртэй зүйл байхгүй. Одоо бол зориулалтын татуураг өгдөг.
Хуулийн байгууллагын шалгалтын дүн гарсны дараа холбогдох албан тушаалтнуудад цэргийн дүрмийн дагуу арга хэмжээ авна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
