Украины дроны цохилт Оросын газрын тосны экспортын хүчин чадлын 40 хувийг зогсоосон тухай мэдээлжээ
Украины нисгэгчгүй онгоцны цохилтын улмаас Оросын газрын тосны экспортын хүчин чадлын 40 орчим хувь зогссон гэх тооцоог Ройтерс агентлаг гаргаснаа Лхагва гарагт мэдээлжээ.
Үүнийг Оросын орчин үеийн түүхэн дэх “хамгийн ноцтой тасалдал” гэж тус агентлаг дүгнэсэн байна.
Балтийн тэнгис дэх Оросын хоёр том экспортын зангилаа болох Приморск, Усть-Луга боомтууд энэ долоо хоногт хоёр удаа Украины нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөний дараа үйл ажиллагаагаа зогсоосон.
Энэ сарын эхээр өдөрт 700,000 баррель газрын тос экспортлох хүчин чадалтай Хар тэнгисийн Новороссийск боомт мөн нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөнөөр үйл ажиллагаа нь доголджээ.
Эдгээрээс гадна Украины нутгаар дамжин өнгөрдөг Дружба хоолойд гэмтэл гарсны улмаас Унгар, Словак улсуудад нийлүүлдэг газрын тосны урсгал нэгдүгээр сараас хойш тасраад байгаа.
Дээрх тасалдлуудын улмаас Оросын газрын тосны экспортын нийт хүчин чадлын 40 орчим хувь буюу ойролцоогоор өдөрт хоёр сая баррель газрын тосны нийлүүлэлт зогсоод байгааг Ройтерс мэдээлжээ.
Уг тасалдалтай холбоотойгоор тэнгист газрын тос тээвэрлэгч хөлгүүдийн бөөгнөрөл үүссэн байна. Тухайлбал MarineTraffic сайтын мэдээлснээр одоо Приморск, Усть-Луга боомтуудаас газрын тос ачихаар Финландын буланд 50 гаруй хөлөг цуглаад байгаа гэнэ.
Нийтдээ төмөр замын 500 цистерний багтаамжтай 33 хадгалах байгууламж бүхий Усть-Луга боомтод дроны халдлагын дараа томоохон гал түймэр гарсан нь одоо болтол шатаж байгаа.
Эрэг дагуу хэдэн арван километр үргэлжилсэн уг түймрийн утаа хөрш Финланд улсаас харагдаж байгааг тус улсын Helsingin Sanomat сонин мэдээлжээ.
Оросын газрын тос, байгалийн хийн экспортын орлого Украины дайныг санхүүжүүлэх гол эх үүсвэр болдог. Ойрх Дорнодод үүссэн дайны улмаас дэлхий дахинд газрын тосны үнэ огцом өссөн нь Оросын талд таатай боломж үүсгээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
