"Адууны удмын санг бүртгэлжүүлнэ гэж улсын төсвөөс ₮600 саяыг баталсан ч одоог хүртэл хуулиа хэрэгжүүлэхгүй байна"
Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчсөн дүрмийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Улсын Их Хурал (УИХ)-аас баяр наадмын тухай хуулийг 2022 онд шинэчлэн найруулж баталсан. Энэ хуульд зааснаар морины стандартыг тогтоож өгсөн байдаг. Тодруулбал уралдах морьдыг сэрвээнийх нь өндрөөр хэмжиж зохион байгуулж эхэлсэн юм.
Тэгвэл өнгөрсөн оны есдүгээр сараас монгол морьдын стандартыг эцэслэн тогтоосон. Өмнө нь баталсан дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж морины бүтцийн дэд хороо уралдаанч морьдын мэдээллийн санд бүртгэлжүүлэх зэргээр хуулийн зохицуулалт нэмэгдсэн ч үүнийгээ хэрэгжүүлэхгүй байгааг тэд сануулав.
Тус холбооны зүгээс дээрх асуудлаар 2025 оны арваннэгдүгээр сард Шадар сайдад албан бичиг хүргүүлсэн аж. Тэд шинэ стандартад нийцүүлж Засгийн газрын тогтоолоо засахыг удаа дараалан сануулсан ч өнөөдрийг хүртэл эцэслэн батлагдаагүй байна.
"Эгэл жирийн малчид сумынхаа наадамд уралдах боломжгүй боллоо"
Энэ талаар холбооны тэргүүн, Монгол Улсын начин, тод манлай уяач, үндэсний сурын харвааны I зэрэгтэй Ц.Дуламсүрэн "Монгол төрийн наадамд монгол морьд уралдах ёстой. Энэ бол манай улсын үндсэн хуульд байгаа заалт. Монгол өв соёл төрийн хамгаалалтад байна. Монгол малын удмын санг хамгаалах үүрэгтэй.
Харамсалтай нь өнөөдөр бид монгол төрийнхөө наадамд монгол морио уралдуулж чадахгүй. Монгол морь наадамд айрагдах нь бүү хэл мордох эрхгүй болсон байна.
Эгэл жирийн малчид уяачид сумынхаа наадамд уралдах боломжгүй болсон. 2022 онд хууль батлагдсанаас хойш үүнийг хэрэгжүүлэх сонирхолгүй хэсэг улс саад хийсэн. Тухайлбал улсын төсвөөс ₮600 саяар улс орон даяар адууны цусыг авч, генийн бүтцийг тогтоохоор болсон юм. Гэтэл үүнийг УИХ-ын гишүүн, Хүнс Хөдөө Аж Ахуйн сайд асан З.Мэндсайхан зогсоогоод мөнгө нь алга болсон.
Үүнийг бид улсын мөнгө угаасан гэмт хэрэг гэж үздэг. Энэ мэтээр адууны удмын сангийн тухай хууль батлагдаад хэдэн жил болоход дүрмээ биелүүлэхгүй байгаад бид анхаарах цаг нь болсон" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

