Г.Лувсанжамц: Ёс зүйн асуудлыг хуульчилбал коммунизм эргэж ирнэ. Хойд Солонгос л ёс зүйгээр хэмждэг байх
Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Г.Лувсанжамц цаг үеийн асуудлаар Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Ардчилсан Намын бүлгийн гишүүд Н.Учралыг намын даргаа эсвэл УИХ-ын даргаа өг гэдэг шаардлага тавьж байгаа. Чуулганы нэгдсэн хуралдааныг аливаа нэг намын дарга удирдаж болохгүй гэх байр суурь илэрхийлж байсан. Гэсэн хэдий ч өөр шалтгаантай байгаа гэж бодож байна. Ардчилсан Нам дотоод сонгуулиа хийгээд бүгд завгүй байгаа, ямар нэгэн шалтгаан хэлэх шаардлагатай болсон болов уу.
Н.Учрал намын даргын хувьд Ерөнхий сайд байх ёстой гэсэн байр суурь дээр байгаа. Өнгөрсөн 11 дүгээр сард болсон МАН-ын 31 дүгээр их хурал дээр намын дарга Ерөнхий сайд байна гэсэн зүйл заалтыг тусгах санал гаргаад дэмжигдээгүй. Аливаа нэг намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг зарчмыг зөв гэж боддог.
Гэхдээ АН-ын зүгээс чуулганы хуралд суухгүй гэж байгаа нь эс үйлдэхүй буюу залхуурал юм. Чуулган хуралдах хэрэгтэй байна. Гишүүд татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг учраас ажилдаа ирэх ёстой. Тодорхой нэг байр сууриар ирцдээ орохгүй байгаа хүмүүсийг чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдаанд суух ёстой.
Би парламентын дархлааг дэмждэг. Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө парламентын засаглал дээр тогтож ирсэн. Ёс зүйн асуудлыг хуульчилбал коммунизм эргэж ирнэ. Гэмт хэрэгт холбогдсон юм уу хууль зөрчсөн зүйлүүдийг одоогийн хуулиар Ерөнхий прокурор санал гаргаад УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг. Ёс зүйг яаж хэмжих вэ гэдэг чинь нийгэм, цаг хугацаа, хүнээсээ, намаасаа хамаараад ондоо байдаг. Олон улсад ёс зүйгээр хэмждэг улс Хойд Солонгос л байх.
Б.Энхбаяр сайдын хувьд өмнө нь бусад сайд, гишүүнд тавьж байсан зарчмын шаардлагаа өөр дээрээ ч гэсэн тавиасай" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

