3х3 сагсан бөмбөгийн тивийн аваргад өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо
Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 5-ныг дуустал 3х3 сагсан бөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур Улсад болно. Тус тэмцээнд чансаагаар Монголын эрэгтэй шигшээ баг нэгт, эмэгтэй шигшээ баг БНХАУ-ын багийн дараа хоёрдугаарт жагссан юм.
Тэгвэл тус тэмцээнийг зорих шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа.
"A" хэсгийг тэргүүлэх эрэгтэй шигшээ баг Хятадын Тайпэйгийн шигшээтэй нэг хэсэгт орсон. Мөн урьдчилсан шатнаас шалгарсан нэг баг нэмэгдэх юм.
Харин эмэгтэй баг "B" хэсгийг тэргүүлэх бөгөөд одоогоор Шинэ Зеландын шигшээ баг нэг хэсэгт багтжээ.
Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд
- Б.Ариунцэцэг,
- Н.Нандинхүсэл,
- О.Хулан нарын гавьяатууд багтав. Монгол Улсын шигшээ багийн ахлагч асан, гавьяат тамирчин М.Цэрэнлхам зодог тайлсан тул түүний оронд "Алтан од" клубын Э.Нарангоог эгнээндээ элсүүлжээ.
Эрэгтэй шигшээ баг бүрэлдэхүүндээ эрс өөрчлөлт хийлээ. Тэд
- Г.Болор-Эрдэнэ,
- М.Чинхутаг,
- Н.Ганбаатар болон
- Э.Сугар-Очир нарыг дуудсан байна.
Сагсан бөмбөгийн тивийн аваргыг тодруулах тэмцээн 2013 онд Катарын Дохад анх удаа болсон түүхтэй. Манай улсын эрэгтэй шигшээ баг 2017 онд нутагтаа болсон тэмцээнд түрүүлсэн бол 2018, 2019 онд дараалан мөнгө, 2023 онд алт, 2024 онд хүрэл медаль хүртсэн юм.
Эмэгтэй шигшээ баг 2024 онд хүрэл медаль зүүсэн нь одоогоор үзүүлээд буй оргил амжилт аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

