NASA сарны тойрог замд станц байрлуулах төслөө зогсоож, гадаргуу дээр станц байгуулахад бүх хүчээ төвлөрүүлнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Америкийн сансар судлалын үндэсний байгууллага NASA сарны тойрог замд станц байрлуулах төслөө цуцалж, үүнд ашиглах нөөцөө сарны гадаргуу дээр суурин станц байгуулах $20 тэрбумын төсөлд зориулахаар болжээ.

Энэхүү зарчмын өөрчлөлтийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус байгууллагын захирлаар томилогдсон Жаред Айзаакмэн өчигдөр Вашингтон дахь төв байрандаа болсон арга хэмжээний үеэр танилцуулсан байна.

“Gateway төслийг одоогийн түвшинд нь түр зогсоож, сарны гадаргуу дээр тогтвортой үйл ажиллагаа явуулах дэд бүтцэд анхаарлаа хандуулах болсон нь хэний ч гайхах зүйл биш гэж би бодож байна” гэж тэр хэлжээ.

Сарны тойрог замд байрлан ажиллах Gateway станцыг Intuitive Machines компанийн эзэмшдэг Northrop Grumman болон Lanteris Space Systems компаниуд NASA-гийн захиалгаар бүтээж байгаа.

Анхнаасаа ийм зориулалттай бүтээгдээд эхэлсэн системийг гадаргуу дээр байгуулах станцын бүтээн байгуулалтад дахин ашиглах нь тийм амар зүйл биш.

“Тоног төхөөрөмжүүдийг болон ажлын хуваарийг өөрчлөх тал дээр бодит бэрхшээлүүд байгаа ч бид гадаргуугийн болон бусад төслүүдэд үүнийг дахин ашиглаж чадна гэж бодож байна” гэж Айзаакмэн хэлжээ.

Gateway нь тойрог замаас дэлхийн дагуулыг судлахаас гадна сансрын нисэгчдийг сарны гадаргуу дээр буухаасаа өмнө ашиглах дамжлагын станц болж ашиглагдах зориулалттай юм.

АНУ олон жилийн дараа сарыг эзэмших Artemis нэртэй хөтөлбөрийг эхлүүлж, олон тэрбумыг зарцуулж эхлээд байгаа.

Айзаакмэн албан тушаалдаа томилогдсоны дараа уг хөтөлбөрийн зорилт, төлөвлөгөөнүүдийг шинэчлэх зоригтой алхмуудыг хийж эхэлсэн юм.

АНУ-ын гол өрсөлдөгч Хятад улс 2030 онд саран дээр хүн буулгах зорилготой ажиллаж байгаа нь Artemis хөтөлбөрийн зорилтыг оновчтой болгох, сайжруулах зайлшгүй шаардлагатай болгож байна.

 

Эх сурвалж: Reuters