Орос улс 24 цагийн дотор бараг мянган нисгэгчгүй онгоцоор Украины хотуудад халджээ
Өчигдөр буюу Мягмар гарагт Орос улс нийт 948 нисгэгчгүй онгоцоор Украины хотуудад халдсан нь дайн эхэлснээс хойш 24 цагийн дотор явуулсан хамгийн том агаарын довтолгоо болжээ.
Эхлээд Мягмар гарагийн шөнө 392 дрон, 34 пуужинг Украины хотууд руу харвасны улмаас таван хүн амиа алдсан байна.
Дараа нь орон нутгийн цагаар өглөөний 9:00 цагийн орчмоос эхлэн 556 дроноор довтолсны улмаас гурван хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ.
Оросын тал ихэвчлэн шөнийн цагаар агаарын довтолгоо явуулдаг тул өдөр болсон энэ халдлагыг ховор тохиолдол гэж Украины албаныхан үзэж байна.
Халдлагын бай нь бараг бүхэлдээ иргэний байгууламжууд байжээ. Тухайлбал Украины баруун бүсийн Львов хотод Юнескогийн дэлхийн өвд бүртгэлтэй 16 дугаар зууны Бернардины хийд агаарын цохилтод өртсөн байна.
Львовын хөрш Ивано-Франковск мужид эх хүүхдийн эмнэлгийн барилга гэмтжээ.
Мягмар гарагийн орой Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг халдлагын цар хүрээ “Орос улс дайнаа зогсоох хүсэлгүй байгааг тодорхой харууллаа” гэж мэдэгджээ.
ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдрийн агаарын цохилт нь ямар зорилготой байсан, ямар үр дүнтэй болсон талаар олон нийтэд мэдээлээгүй байна.
Украины агаарын хүчнийхэн Оросын дронуудын ихэнхийг устгаж чадсан ч зарим нь байндаа хүрснийг хүлээжээ.
Тав дахь жилдээ үргэлжилж буй дайны турш талууд фронтын шугам дээр тулалдахын зэрэгцээ харилцан нэгнийхээ нутаг дэвсгэрийн гүнд агаарын довтолгоо явуулсаар байгаа.
Дайныг дуусгах АНУ-ын зуучлалтай яриа хэлэлцээ өнгөрсөн сарын сүүлээр эхэлсэн Ираны эсрэг дайны улмаас зогсонги байдалд ороод байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
