Н.Учрал намын даргын хувиар гадаад айлчлалаа БНХАУ-аас эхлүүлэв

А.Төгөлдөр, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал Хятадын коммунист нам/ХКН/-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна.

Тэрбээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал/БХАТИХ/-ын Байнгын хорооны дарга, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Цай Чи нартай уулзсан байна.

УИХ-ын дарга Н.Учрал МАН-ын даргын хувиар анхны гадаад айлчлалаа БНХАУ-аас эхэлж буйдаа таатай байгаагаа илэрхийлж, Байнгын хорооны дарга Жао Лөжигийн удирдаж буй БХАТИХ нь Хятадын байр суурийг дэлхийн түвшинд бэхжүүлэх, улс төрийн шинэчлэлүүдийг хийхэд чухал үүрэг гүйцэтгэж буйд баяр хүргэжээ.

Мөн тэрбээр БХАТИХ-ын 4 дүгээр чуулган амжилттай хуралдаж, “БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ХV таван жилийн төлөвлөгөө”-г эцэслэн баталсанд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээ дэвшүүлснийг уламжлаад, Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахад нь хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улс “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмждэгээ илэрхийлсэн юм.

Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хоёр улсын эрх баригч нам болон хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл чухал байр суурь эзэлдэг болохыг дурдаад, хоёр талын хууль тогтоох байгууллагын уламжлалт найрсаг харилцаа, харилцан айлчлал, солилцоо идэвхтэй өрнөж буйд баяртай байна хэмээв.

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралтай уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, ойрын хөрш Монгол Улстай сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа дурдав.

БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдгээ мөн илэрхийлэв.

Тэрбээр хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ, уулзалтын давтамж нэмэгдэж, стратеги хөгжлийн зорилтоо харилцан уялдуулж, худалдаа, эдийн засгийн салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа улам тэлж байгааг тэмдэглээд, цаашид хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа онцлов.

Талууд хил дамнасан төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд хоёр талын мэргэжлийн Байнгын хороод, парламентын найрамдлын бүлгүүд болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцоог эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Харин Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Цай Читай уулзах үеэрээ МАН-ын дарга Н.Учрал Монгол Ардын нам болон ХКН нь 105 жилийн түүхтэй улс төрийн хүчнүүд болохыг онцолж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагаа нь улс орны хөгжилд чухал түлхэц үзүүлж ирснийг тэмдэглэв.

Мөн 14 дэх удаагийн БХАТИХ-ын дөрөвдүгээр чуулган амжилттай болж, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөгөө баталсанд баяр хүргэв.

Тэрбээр, хоёр улсын Төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж, хоёр улсын хооронд олон жил яригдсан томоохон бүтээн байгуулалтын ажил, төсөл хөтөлбөрүүд эрчимтэй урагшилж, бодит үр дүнд хүрч буйд монголын тал сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв. 

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал хэлэхдээ, хоёр тал тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн зам, язгуур эрх ашгийг хүндэтгэдгийг цохон онцлоод, Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмждэгийг илэрхийлэв.

Монголын тал БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Бүс ба Зам” болон Даян дэлхийн санаачилгуудыг дэмждэгээ үргэлжлүүлэх болно гэдгийг тэмдэглэсэн байна. 

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Цай Чи Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралыг намын даргын хувиар гадаад айлчлалаа хөрш БНХАУ-аас эхэлж буйд баяртай байгаагаа илэрхийлж, нам хоорондын найрсаг харилцаа нь улс хоорондын хөгжлийн чухал үндэс суурь болдгийг онцлон тэмдэглэж, энэ хүрээнд залуучуудын солилцоо, харилцан айлчлалыг тогтмол хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа онцлов.

Түүнчлэн хоёр улсын Төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн нэгдмэл ойлголт, ажлуудыг бодит үр дүнд хүргэхэд Монголын талтай идэвхтэй хамтран ажиллахаа Хятадын тал илэрхийлэв.  

Мөн хоёр улсын хооронд урт хугацаанд тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд ХКН зүгээс дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Монголын талаас дэвшүүлж буй сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хот байгуулалт зэрэг томоохон төсөлд ач холбогдол өгч нааштайгаар судалж үзэхээ илэрхийлжээ.