"Авто замын түгжрэлийг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах" ажлын хэсгийнхэн нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийг хотоос нүүлгэн шилжүүлэх талаар ярьж байгаа.
Үүний эхлэл болгож "Өгөөмөр" захын зүүн талд байрладаг байсан дугуй зардаг чингэлгүүдийг нүүлгэн шинээр зам тавьж улмаар түүнийгээ "Нарантуул"-ын арын замтай шууд холбох талаар ярьж буй юм. Бид дээрх ажил ямap шатандаа яваа талаар Нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөс тодрууллаа.
-Нийслэлийн удирдлагууд томоохон захуудыг хотын төвөөс нүүлгэх тухай ярьж байгаа. Ажлын явц ямар байна вэ?
-Нүүлгэнэ, шилжүүлнэ гэдэг асуудлыг нэг өдөрт яриад шийдчихдэг юм биш л дээ. Зах дээр лангуу түрээслэж, бизнес эрхэлж байгаа хүмүүсийн эрх ашгийг хөндөхгүй байх хэрэгтэй. Бизнесийн хүрээнийхэн бүгд банкнаас зээл авч үйл ажиллагаагаа явуулж байдаг.
"22-ын товчоо" орчим 130 га газарт, 14 мянган автомашины зогсоолтой "Олон улсын авто худалдааны төв" байгуулахаар болсон.
Энэ нөхцөлд бид худалдан авагч, худалдагч гээд хэн хэнийх нь эрх ашгийг зөрчихгүйгээр худалдааны цэвэр, таатай орчинг бий болгох шаардлага байгаа юм. "Дахүрээ", "Нарантуул", "Өгөөмөр", "100 айл" зэрэг худалдааны төвийг хотын төвдөө бий болгосноор замын түгжрэл их болсон.
Тиймээс эдгээр захыг суурьшлын хувьд өөр газар шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүний дагуу хотын дарга захирамж гарган "22-ын товчоо" орчим 130 га газарт, 14 мянган автомашины зогсоолтой "Олон улсын авто худалдааны төв" байгуулахаар болсон.
Энэ ажил цагаан сарын дараа эхэлнэ. Наадмын өмнөхөн ажлын эхний хэсгийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энд олон улсын худалдааны төвд шаардлагатай бүх зүйлийг шийдэж өгнө.
Тухайлбал автомашин худалдаж авч байгаа хүмүүсийн олонхи нь зээлээр авдаг. Тиймээс худалдааны төвд банк зайлшгүй байх шаардлагатай. Ингэснээр иргэд машин зээлээр авах гээд хотын төврүү гүйгээд байх шаардлагагүй. Авах машинаа сонгоод, шууд тэндээсээ зээлээ авах боломж нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн нийтийн тээвэр, халаалт, цэвэр, бохир усыг бүгдийг нь шийднэ. Энэ төсөл амжилттай болбол дараагийн ээлжинд барилгын материалын захуудыг Налайх руу нүүлгэх юм.
-Захуудыг нүүлгэх асуудалд иргэд ямар байр суурьтай байна вэ. Иргэдийн саналыг авсан уу?
-Манай ажлын хэсэг үүрэн телефоноор дамжуулан захуудыг хотын төвөөс нүүлгэх нь зөв үү гэсэн санал асуулгыг авсан. Оролцсон иргэдийн 87 хувь нь дэмжсэн. Бизнес эрхлэгчид ч гэсэн нааштай хүлээж авсан. Хамгийн гол нь бид байршсан газраас нь хөөгөөд явуулчих гээд байгаа юм биш.
Олон улсын жишигт нийцсэн худалдааны төвийг байгуулж, таатай нөхцөлд ажиллах боломжийг бүрдүүлж өгнө. Тиймээс энэ ажил худалдагч, худалдан авагчийн хэн хэнийх нь санаанд нийцэж байгаа.
-Барилгын материалын захыг нүүлгэхээр хувийн жижиг дэлгүүрүүд яах вэ?
-Барилгын материалын бөөний худалдаа эрхэлдэг хүмүүсийг Налайх руу нүүлгэнэ. Бараа материалын ихэнхийг нь Хятадаас оруулж ирж байгаа учраас бараа нь Налайхад буудаг байхаар асуудлыг шийднэ. Тодруулбал төмөр замын асуудлыг шийдэх юм. Мэдээж иргэд гэртээ засвар хийх гэж байна гээд нэг кг хадаас авахаар Налайх явах нь хаашаа юм.
Тиймээс жижиглэн худалдаа хийдэг барилгын материалын дэлгүүрүүд хотын төвдөө үйл ажиллагаагаа явуулаад бөөний худалдаа эрхэлдэг том газрууд нь Налайх руу нүүнэ. Гэхдээ энэ ажлыг хийж эхлэх хараахан болоогүй байна. Дэд бүтэц, ажиллах нөхцлийг нь бүрдүүлж байж бизнес эрхлэгчдээ нүүлгэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!