Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Жолоочийн зовлон буюу зогсоол гэдэг “толгойны өвчин”

Н.Пунцагболд
2014 оны 1 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг
Жолоочийн зовлон буюу зогсоол гэдэг “толгойны өвчин”

Улаанбаатар хотод геометр прогрессоор өсч байгаа зүйлийн нэг нь автомашин.  

Өнөөдөр манай нийслэлд 200 мянга хол давсан машин хөлхөж байгаа. Тиймдээ ч замын түгжрэл, авто машины зогсоолын хомсдол чинээндээ тулчихсан.  

Тэр дундаа авто машины зогсоолын асуудал үйлчилгээ авах гэж буй иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байгаа юм.  

Уг нь орчин үед тавигдаж буй шаардлагаар бол шинээр баригдаж буй барилга байгууламж гадна дотноо автомашины зогсоолтой байх ёстой. Гэтэл энэ шаардлагыг хангаж буй барилга байшин нийслэл хотод маань хуруу дарам цөөн байна. За даа, хуруу дарам цөөн гэдэг ч бараг гоёдоно.

Үнэн хэрэг дээрээ огт байхгүй гэвэл үнэнд нийцэх байх.  

Машины зогсоолтой баригдлаа ч тэр нь зөвхөн тухайн байгууллага болон ажиллагсдад л хамаарагддаг. Харин орон сууцны хувьд оршин суугчдад нь хүрэлцэхтэй үгүйтэй байдгаас гадна ирж буцаж буй хүмүүст бүр ч хүндрэлтэй байгаа юм. Үндсэндээ машин авч унаад зогсох газар ч алга. Унаагаа унаж ажил хөөцөлдөнө гэдэг амьдын там болчихсон.  

Уг нь энэ мэт зовлон байгаа учраас  өнгөрсөн 2012 онд нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор хотын дарга үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80 хувиас доошгүйг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоол болгон ашиглах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад нь үүрэг болгосон. 

Харамсалтай нь энэ шийдвэр явсаар төлбөртэй зогсоол гээчид шилжиж, хэн дуртай нь ойр орчмын талбайгаа хашиж, үүдэнд шовгор амбаар барьчихаад, дуртай үнээ хэлж мөнгө хураагаад сууж байна.

Хатуухан хэлэхэд, Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн талбай гэхээр юм үлдсэнгүй. Сайндаа л хашсан цэцэрлэг, бас зай талбай. Сүүлдээ иргэдээс  хүртэл гомдол, санал тасрахаа больсон. Төмөр зам орчимд нэг СӨХ-ны дарга нөхөр иргэнд зогсоолын талбай нэрээр нийтийн эзэмшлийн газрыг зарсан. Түүнээс нь болж бөөн хэрүүл болж байгаа тухай мэдээлэл явж байна.

Мөн “Богд-Ар” хорооллын 114 байрны иргэдэд машинаа тавих газар олдохгүй байгаа тухай ч гомдол гарсан. Дээрээс нь яамдууд, төрийн болон хувийн байгууллагууд гээд хэн дуртай газраа хашиж аваад, төлбөртэй зогсоол болгож бай­гаа нь асуудлыг улам дэвэргэж байгаа юм. Тиймээс бид төлбөртэй зогсоолын асуудлаар сурвалжилсан юм. 


Нийтийн эзэмшлийн талбай юу, нэг хүний өмч үү

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Богд-Ар” хороолол гэхээр асуудлын үүр уурхай болсон газар санаанд орно. Энэ хороололд болохгүй муу юм гэж бараг байхгүй. Байшингийнх нь хана нурах шахжээ, хүн амиа хорлосон, барьсан эзэн нь луйварчин байжээ гээд л есөн шидийн мэдээ хөвөрнө.

Тэгвэл энэ удаад нийтийн эзэмшлийн талбайг хашиж, төлбөртэй автомашины зогсоол болгосон гомдол ирсэн юм. Манай сурвалжлах хэсэг “Богд-Ар” хороололд очиход багцаагаар нэг га орчим газрыг төмөр хашаагаар хашиж, дотор нь манаачийн амбаар барьжээ.

Хаалга нь гүйдэг төмөр дугуйтай, дотор бүтээлэгтэй бүтээлгэгүй 10 гаруй машин тавьсан харагдав. Биднийг очих үеэр хижээл насны эр “Грес” маркийн машинаа асаагаад гарах гэж байв. Төлбөртэй зогсоол мөн эсэхийг асууж, хэдэн төгрөг авдаг талаар нь лавлав. Ямар ч байсан микро автобусны жолооч төлбөртэй зогсоол мөн гэдгийг баталж, нэг хонуулахад 1500 төгрөг авдаг гэдгийг хэлсэн юм.

Манаачтай юм уу, болж өгвөл эзэнтэй уулзахыг хүссэн ч амбаартаа байсангүй. Тиймээс 11А байрны СӨХ-ны даргатай уулзахаар дотогш орлоо. Орцны жижүүр эмэгтэйгээс сурагласан ч СӨХ гэхээр юм байхгүй, нэг хүн хариуцдаг одоогоор байхгүй байна гэсэн хариулт өгөв. Тиймээс түүнээс даргынх нь утсыг авч, утас цохиход 10А байранд байж таарлаа.

СӨХ-ны даргыг н.Дүгэрсүрэн гэдэг аж. Анх “Богд-Ар” хороолол баригдаж эхэлснээс хойш 10, 11 дүгээр байрны СӨХ-ны ажлыг хийж эхэлсэн гэнэ. Түүний хэлж байгаагаар энэ хоёр байрны урд талбайд орон сууц барихаар төлөвлөлт нь гараад, зураг энэ тэрээ хийчихсэн байсан юм байх. Харин эрхэм дарга эсэргүүцсээр бариулаагүй гэнэ. Улмаар хувийн компанитай ярилцаж, орон сууцны урд талбайг тохижуулж, хүүхдийн тоглоомын талбай байгуулсан байна.

Харамсалтай төсөвлөсөн хөрөнгө мөнгө нь 10, 11 дүгээр байрны өмнөх бүх талбайг тохижуулж хүрээгүй учир өнөөдөр асуудлын бай болчихоод байгаа жижиг газар үлдсэн аж. Гэтэл Х.Идэнбаяр гэдэг нөхөр тэр хэсэг газрыг хашиж аваад, дотор амбаар барьж, нэг нөхрөөр мануулж байгаа юм гэнэ.

Харин мануулсан хүн нь зогсоол болгож, машин оруулаад, мөнгө хураагаад байгаа бололтой. Түүнээс гадна 3-4 жилийн өмнө тэр хэсэг газар дээр машин зогсоол бариад өгье гэсэн саналыг  Нийслэлийн газрын албаны ахлах мэргэжилтэн /одоо ийм албан тушаалтай болсон/ н.Нямдаваа  тавьж байж. Нийтэд эзэмшүүлэх зогсоол маягийн зүйл барих гэж байсан юм уу даа, янз нь. Гэтэл бас л мань хүн эсэргүүцээд бариулаагүй гэх. н.Дүгэрсүрэн даргын ярьсан юм нэг иймэрхүү.

Гэхдээ түүний хэлж байгаа нь асуудал үүсгээд байгаа энэ талбай 11А байрны иргэдийн дундын өмчлөл болсон нийтийн эзэшлийн талбай ч юм шиг, үгүй бол Х.Идэнбаяр гэдэг нөхрийн  өмч ч юм шиг салаа үзүүртэй байсан учир жаахан орооцолдов. Тиймээс оршин суугчдаас жаал жуул юм асууж сураглав. Ерөнхийдөө ихэнх нь нийтийн эзэмшлийн талбай байх ёстой, гэтэл хашчихаад байна гэсэн зүйлийг иргэд хэлж байсан юм. 


Харуулын үг иргэдийнхээс зөрөв

СӨХ-ны дарга н.Дүгэрсүрэн­тэй ярилцаж, тэрбээр бидэнд зарим нэг бичиг баримт үзүүлэх дээрээ тулж байтал төлбөртэй зогсоолын манаач эр хашаан дотроо явж харагдав. Эрхэм дарга н.Дүгэрсүрэн бидэнд зааж өгсөн нь тэр л дээ. Мөн түүнтэй уулзвал чухам ямар учиртай болохыг нь мэднэ. Дээрээс нь тоглоомын талбайн урд талд байх хоёр давхар байшинд Х.Идэнбаяр өөрөө байгаа.

Түүнтэй уулзвал хэлж өгнө гэж хэлчихээд ум хумгүй алга болов. Тиймээс бид манаач эрийг явчихаас өмнө гялс очиж, ганц нэг юм асуулаа. Төлбөртэй зогсоол мөн эсэх, хоногтоо хэдэн төгрөг авдаг энэ тэр гээд л. Мань эр “Энэ төлбөртэй зогсоол биш ээ. Компанийн газар учраас хашсан юм. Ямар учиртайг нь дарга мэдэж байгаа. Би зүгээр л сахиул нь. Сарын цалингаа аваад сахиж байдаг юм.

Энэ газрыг харж хамгаалсны төлөө компаниас надад сардаа 180 мянган төгрөгийн цалин өгдөг. Би ерөнхийдөө энэ хавийн таньдаг хүмүүсийнхээ машиныг хашаанд оруулдаг. Мөнгө төгрөг авдаггүй. Зүгээр л машин тэргийг харж өгдөг юм. Харин зарим нь хааяа хоолны мөнгө өгдөг. Тийм болохоор л хүмүүс төлбөртэй зогсоол гэж бодоод байх шиг байна” хэмээн ярив. Манаачийн амнаас өөдтэй мэдээлэл олж авахгүй нь мэдээж байсан учир Х.Идэнбаяр даргатай нь уулзах боломж байгаа эсэхийг асууж, өнөөх хоёр давхар руу явах санаатай алхтал манаач “Дарга одоо байхгүй байгаа.

Цагаан сар бо­лох гэж байгаа болохоор нутаг руугаа явчихсан. Гуравдугаар сар гаргаж байж л ирэх байх” гэв. Түүнээс гадна “Энэ газар дээр яваандаа барилга барьж магадгүй гэсэн. Гэхдээ энэ байрнуудын төв шугам энэ хавьд байгаа.

Засварчид ямар нэг юм болбол энэ хашаагаар орж янзалдаг юм. Тиймээс байшин барихгүй байх аа” хэмээн мэдэмхийрэв. Ингээд л бидний эрэл дуусах тийшээ хандсан юм.

Уг нь Х.Идэнбаяр захиралтай уулзсан бол асуудал бүр тодорхой болж,  утасны үзүүр олдох байв. Багахан хугацаанд ярилцсаны эцэст манаач яваад өгөв. Түүний дараа жийп унасан хүн ирж, хашааны хаалгыг өөрөө онгойлгоод дотогш орж, машинаа тавьж харагдлаа. Тэгэхээр машинаас бууж ирсэн хүнээс зогсоолын төлбөр хэд болохыг лавлатал “1500 төгрөг л байсан шүү дээ.

Одоо үнэ нь нэмэгдээд 2000 төгрөг болж байгаа гэсэн байх аа” хэмээн хэлэв. Бид хэд хэдэн жолоочоос төлбөрийн талаар асуухад 1500 төгрөг гэж байсан. Ийн манаачийн хэлсэнтэй иргэдийн үг зөрөв. Ямар ч байсан манаач өөрөө юу, эсвэл дарга нь уу нийтийн эзэмшлийн гээд байгаа газрыг хашиад, төлбөртэй зогсоол болгож байгаа нь үнэн байна. 

Ажлынхаа үүдэнд машинаа тавихдаа төлбөр төлж байна

Ажлынхаа үүдэнд машинаа тавихдаа төлбөр төлж байна

Ямар ч байсан “Богд-Ар” хорооллын 11А байрны иргэдийн санал гомдол үндэслэлгүй биш гэдэг нь тодорхой байлаа. Тиймээс холбогдох хүмүүс шалгаж, нэг тийш нь болгосон дээр болов уу.

Дээрээс нь сүүлийн үед бүхий л байгууллагууд гаднах талбайгаа хашиж, төлбөртэй зогсоол болгож эхэллээ. Биднийг “Богд-Ар” хороололд явж байхад тэр орчимд баригдаж байгаа Христийн сүм шиг хэлбэртэй барилгын хойд талын талбайг хашиж, төлбөртэй зогсоол болгосон нь харагдсан. Бодвол тухайн компани, аж ахуй нэгж, хувь хүний өмч болохоор дураараа хашиж, зогсоол болгосон юм байлгүй дээ.

Хэрвээ тухайн барилга ашиглалтад орсон байсан бол ганц хоёр ч болов хүн тэр хавьд нь машинаа тавьчих байсан байх. Энэ бол аргаа ядсан л бодол. Өнөөдөр жолооч нар зогсоолгүйн зовлонг ханатлаа амсч байна. 

Ядаж байхад Зам тээврийн яамнаасаа авахуулаад хувийн байгууллагууд нь хүртэл ойр орчмын талбайгаа төлбөртэй зогсоол болгочихсон. Тэр ч битгий хэл Хангарьд орны өмнөх талбай ч гэсэн төлбөртэй зогсоол. Яам, тамгын газраар үйлчлүүлэх гэж очиж байгаа хүмүүс, мэдээлэл авахыг хүссэн хэвлэлийнхэн гээд бүгд төлбөр төлнө. Нөгөө хотоос тавьсан зорилт, шийдвэр журам нь эсрэгээрээ хэрэгжиж байгаа байдал энэ.  

Үүнээс болоод ажлынхаа үүдэнд машины тавьсаныхаа төлөө өдөрт 24 мянган төгрөг төлөх дээрээ тулсан хүн ч байж л байна. Ийм тохиолдол маш олон гарч байгаа байх. Наад захын жишээ татахад, 2013 оны есдүгээр сарын 9-ний өдөр н.Бямбадорж гэдэг иргэн Засгийн газрын “1111” төвд гомдол гаргасан байгаа юм. 

Барилгачдын талбайн орчмыг мөн л төлбөртэй зосгоол болгоод, нэг цаг хүртэл зогс­вол 500, 1-2 цаг бол 1000 гэх мэтээр үнэлгээ тогтоочихсон аж. Энэ үнэлгээний эцсийн цэг нь гурваас дээш цаг зогсвол цагийн 3000 төгрөг. Гэтэл дээрх иргэн тэр хавьд байдаг байгууллагад ажилладаг юм байна. Ингээд л ажилдаа өглөө ирээд орой тарахын хооронд найман цаг болоход 24 мянган төгрөг төлөх болчихсон байгаа юм.

Уг нь шийдэл байх ёстой. Тухайн орчимд ажилладаг хүн байвал үнэмлэхтэй болгох, яамд, нийслэл дээр ажлын шаардлагаар ирж байгаа иргэн байвал үнэгүй зогсоох ч юм уу. Гэтэл өнөөдөр тийм зүйл байдаггүй. Ядаж байхад албаны хүмүүс нь ч гэсэн шийдэж байгаа юм алга. Тухайлбал, н.Бямдорж гэдэг иргэний гомдлыг Засгийн газрын “1111” төвөөс Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зохион байгуулагч н.Сумъяад өгчээ.

Улмаар мэргэжилтэн З.Зулцэцэг санал гомдлыг Нийслэлийн авто замын газарт шилжүүлжсэн байгаа юм. Улмаар Авто замын газрын даргаар дамжиж эдийн засагч Р.Батцолмонд хүрсэн.  

Нийслэлийн Авто замын газрын  Эдийн засагч Р.Батцолмон өргөдөл,  гомд­лыг шийдвэрлэлээ гэсэн хариу өгсөн байна. Яаж вэ гэхээр,  НИТХ-ын  2009 оны 4/27 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/544 дүгээр захирамж, 2012 оны А/578 дугаар захирамжуудын хүрээнд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг нэвтрүүлэхээр 22 байршил дээр хэрэгжүүлж эхлээд байна.

Төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа нь төрийн байгууллагуудын өмнөх зогсоолыг иргэдэд хүртээмжтэйгээр ашиглуулах, цаашлаад замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг юм.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.2-д Нийслэлд хэв журам сахиулах, хотын аж ахуй, оршин суугчдын нийгэм, соёлын асуудлаар нийтээр дагаж мөрдөх журмыг хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, биелэлтэд хяналт тавих, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6.а-д Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах, 29.1.6-д Нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах тухай тус тус заасан байдаг. Иймд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч иргэн аж, ахуйн нэгжид дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсье.

Санал ирүүлсэн танд баярлалаа гээд л болоо. Магадгүй зогсоолгүй Улаанбаатар хотод төлбөртэй зогсоолууд байгаа нь хэрэгтэй л байх. Гэхдээ хүн бүр нэг байгууллагаар ороод гарахдаа, дэлгүүр хэсэхдээ, зах руу орохдоо төлбөр төлөөд байвал юу болох вэ. Нийтийн зогсоол хаана байна. 

 

Ачуулахаас өөр сонголт байхгүй

Ачуулахаас өөр сонголт байхгүй

Иргэн та өглөө гараад зах орлоо гэж саная. Зогсоол байвал тэр нь 200, 300 төгрөг. Кино театрт очиж кино үзлээ, зогсоолд нь машинаа тавилаа гэхэд 1000, 1500 төгрөг. Төрийн байгууллагуудаар үйлчлүүлбэл цагаасаа хамаараад мөнгө нь өснө. Спортын төв ордонд очиж тэмцээн уралдаан үзье гэвэл бас л мөнгө. Зарим нь гэрийнхээ үүдэнд, ажлынхаа хашаанд машинаа тавихдаа ч мөнгө төлөх дээрээ тулчихаад байна.

Энэ бүх мөнгийг төлөөд, машинаа тавиад байх боломж хэнд байгаа билээ. Гэтэл Улаанбаатарт нийтийн эзэшлийн аятайхан зогсоол бараг л байхгүй. Байлаа ч 10 машин багтахаар байх нь ховор. За даа, ойр орчмынх нь байгууллагын ажилчдын машин зогсоод л таарна. За тэгээд зоогийн газар орж хоол идэх, дэлгүүрээс хэрэгцээт зүйлээ худалдаж авахдаа машинтай явбал зогсох газар үнэхээр хомс доо. 

Сүүлчийн ганц арга нь нэгдүгээр эгнээнд машинаа тавих. 200, 300 мянган машинтай Улаанбаатар хотод 2-3 мянган машин зогсчих хэмжээний зогсоол байхгүй байхад өөр яах вэ дээ. Ингээд л машинаа ачуулахаас өөр сонголт үлдэхгүй болж байгаа юм даа.

Ёстой нөгөө азандаа найдана гэдэг шиг л юм болно шүү дээ. Учир нь, манай дарга нар зогсоол барих ажлаа яаравчлаагүй байж нэгдүгээр эгнээ тагласан машиныг авч явдаг техникүүдийнхээ тоог нэмчихсэн. Тэр машин нь ямар ч байрлалд байгаа машиныг суга татаад ачаад явчих шидтэй гэж байгаа. Дөрвөн машин цувраад нэгдүгээр эгнээнд зогсч байлаа гэж бодъё. Энэ тохиолдолд дөрвүүлэнг нь ачих нь бага. Ачиж байгаа нөхрийн үзэмжээр л болно шүү дээ.

Бодвол арай гайгүй машиныг нь сонгож ачаад байна уу даа гэж бодогдмоор. Эргээд мөнгө төгрөгөө төлөөд авчих боломжийг нь ч хардаг байж болох. Эсвэл зүгээр л сонголт хийдэг ч байж мэднэ. Тиймээс азандаа найдах хэрэгтэй болчихоод байгаа юм. Уг нь замын хөдөлгөөний дүрэм гэж байгаа. Түүнийг жолооч нар мөрдөх ёстой. Холбогдох байгууллага нь мөрдүүлэх ч үүрэгтэй. Гэхдээ үзээд өгье гэхнээ зогсоолгүй газар нэгдүгээр эгнээнээс өөр сонголт байна уу, та минь. 


Таван байршилд авто зогсоол барина 

Манай сурвалжлах хэсэг төмөр зам орчмын байруудаар явж, зогсоолын зовлонг иргэдээс сонссон. Машин унаж яваа бүх хүн толгой сэгсэрч байна билээ.

Зарим байрны, тухайлбал 61 дүгээр байр нийтийн эзэмшлийн талбайгаа хашаад, дотор нь хүүхдийн тоглоомын талбай барьчихсан байна. Харин оршин суугчид нь хашааны гадна багахан талбайд машинаа тавьдаг юм билээ. Уг нь хүүхдийн тоглоомын талбайн доор нь зогсоол барина гэж ярьж байгаа ч одоо болтол шийдэгдээгүй л байна.

Санаагаар болдог бол газар дор зогсоол барина гэдэг нь тун зөв шийдэл болчихоод байна. Манайхан гадаадаас туршлага судлах дуртай. Тэгвэл алга дарамхан газар дээр шавааралдаж суудаг гадныхан газар дор зогсоол бариад асуудлаа шийдчихсэн байдаг юм байна. Дарга нар үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа байх. 

Өөрсдөө очиж ч судалсан байж таарна. Харин яагаад ажил хэрэг болгох тал дээр ингэтлээ удав. Бид “Богд-Ар”, төмөр зам, яамдуудаар явсны дараа Нийслэлийн Автозамын газарт очиж төлбөртэй зогсоолын асуудлаар мэргэжилтнээс нь тодруулга авахыг хүссэн ч энэ талаар сайн мэдэх Р.Батцолмон өчвтэй учраас ажилдаа ирээгүй байсан юм.

Гэхдээ албанаас гарсан ерөнхий мэдээллээр бол ирэх онд Улаанбаатар хотод зогсоол хамгийн их эрэлттэй байгаа таван байршилд бүрэн автомат зогсоол барих гэж байгаа гэнэ. Эхний ээлжинд  Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо 31 дүгээр байрны урд 64 автомашины багтаамжтай зогсоол хийхээр төлөвлөж байгаа. Ерөнхийдөө маш богино хугацаанд ашиглалтад орох талаар ч хэлж байгаа.

Тэгэхээр тун удахгүй Хан-Уул орчимд 64 автомашины зогсоол баригдах нь. хоёр, гурван зуун мянган автомашинтай нийслэлд 64 гэдэг бага тоо. Гэхдээ яах вэ, оргүйгээс охинтой нь дээр гэдэг дээ. Цаашлаад дөрвөн зогсоолд зогсоол барьчихвал байдал бага ч гэсэн дээрдэх байх. Харин одоо бол зогсох газаргүй машинууд хотын төвөөр холхиж, замын түгжрэлийн гол шалтгаан болчихоод байна. 

Зураг