"The MongolZ" баг шөвгийн наймд шалгарахын төлөө Францын "3DMAX"-ийн эсрэг тоглоно
Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "ESL Pro League Season 23" тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна.
Өнгөрсөн шөнө гуравдугаар тойргийн тоглолтууд явагдаж, шөвгийн наймд тоглох эхний хоёр багийн нэр тодорлоо. Германы "MOUZ", ОХУ-ын "Team Spirit" багууд Шведийн Стокхольм хотын Annexet цэнгэлдэх хүрээлэнд аваргын цомын төлөө тоглох эрхтэй боллоо.
Харин одоо зургаан багийн нэр тодрох дутуу байгаа бөгөөд манай улсын "The MongolZ" баг хоёр хожил, нэг хожигдолтойгоор тэмцээнийг үргэлжлүүлж байна. Тэд өнгөрсөн шөнө шөвгийн наймд шалгарахын төлөө "MOUZ" багтай тоглосон боловч 0:2 тооны харьцаатай ялагдал хүлээсэн.
Ийнхүү Playoffs шатанд өрсөлдөхийн төлөө Францын "3DMAX" багийн эсрэг өнөө оройн 20:30 цагт тоглох хуваарьтай байна. Хоёр баг өмнө нь томоохон тэмцээний хүрээнд есөн удаа учраа таарч тоглоход "The MongolZ" баг өрсөлдөгчөө таван удаа хожиж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
