Ираны экспертүүдийн чуулган Хамени агсны хүү Можтабаг тус улсын шинэ дээд удирдагчаар зарлалаа
Ираны экспертүүдийн чуулган Ням гарагт Аятолла Али Хамени агсны хүү Можтаба Хаменийг тус улсын шинэ дээд удирдагчаар зарлалаа.
“Өнөөдрийн ээлжит бус чуулганаар сайтар, өргөн хүрээтэй судалсны үр дүнд Экспертүүдийн Чуулганы хүндэт төлөөлөгчдийн саналаар Аятолла Сейед Можтаба Хоссейни Хаменийг (Аллах түүнийг ивээх болтугай) Исламын Бүгд Найрамдах Иран Улсын ариун тогтолцооны гурав дахь удирдагчаар томилж байна” гэж чуулганаас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.
86 настай Аятолла Али Хамени долоо хоног гаруйн өмнө АНУ, Израилийн явуулсан агаарын цохилтын үеэр амиа алдсан юм.
Ираны эрх баригчдын хүрээний үзэл сурталд удам залгах зарчмыг үгүйсгэдэг ч Можтаба нь эцгийнхээ удирдаж байсан тогтолцооны нөлөө бүхий хүн гэгддэг.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь Иран улс шинэ удирдагчаа сонгохдоо өөрийнх нь саналыг сонсох ёстойг анхааруулж байсан.
Өчигдөр тэр ABC News сувгаар ярихдаа “Хэрвээ тэд бидний саналыг сонсохгүй бол удаан тэсэхгүй” хэмээн дахин анхааруулжээ.
Ааваасаа ялгаатай нь 56 настай Можтаба ихэнхдээ өндөр албан тушаалаас зайлсхийж, олны нүднээс далд байсан нэгэн.
Тэрбээр хэзээ ч засгийн газарт албан тушаал хашиж байгаагүй, олон нийтийн өмнө үг хэлж байгаагүй, хэвлэлд ярилцлага өгч байгаагүй бөгөөд цөөн тооны гэрэл зураг, дүрс бичлэг нь л нийтлэгдсэн байдаг.
Гэхдээ түүнийг олон жилийн турш хөшигний ард нөлөөтэй хүн байсан гэх цуу яриа тарсан байна.
Тэрбээр 1979 оны Исламын хувьсгалын үр дүнд тогтсон Тегераны шашны дэглэмийн гурав дахь удирдагч болж байгаа юм.
Али Хамени агсан ирээдүйн залгамжлагчийнхаа талаар төдийлөн их зүйл ярьж байгаагүй. Дээд удирдагчийг томилдог Ираны Экспертүүдийн Чуулганы нэг гишүүн хоёр жилийн өмнө ярихдаа Али Хамени өөрийн залгамжлагчаар хүүгээ томилохын эсрэг байгааг баталж байв.
Гэхдээ тэр олон нийтийн өмнө хэзээ ч энэ үзэл бодлоо илэрхийлж байгаагүй юм.
1969 оны есдүгээр сарын 8-ны өдөр Ираны зүүн хойд бүсийн Машхад хотод төрсөн Можтаба нь Хамени агсны зургаан хүүхдийн хоёр дахь нь ажээ.
Тэрбээр 17 настайдаа буюу Иран-Иракийн дайны үеэр богино хугацаанд цэргийн алба хааж байсан гэдэг.
Найман жил үргэлжилсэн энэхүү цуст дайны дараа Тегераны дэглэм Иракийг дэмжсэн АНУ болон Өрнөдийнхөнтэй улам болгоомжтой харилцах болсон юм.
1999 онд Можтаба шашны судалгаагаа үргэлжлүүлэхийн тулд Шиа Исламын чухал төв гэгддэг ариун хот Кумд суурьшиж байжээ.
Тэр энэ үеэс эхлэн шашны хувцас өмсгөлөөс салахаа больсон гэдэг.
Гэхдээ шашны номын дунд түвшний зэрэг зиндаатай Можтабаг дээд удирдагчаар томилох эсэх нь саяхныг хүртэл эргэлзээтэй байлаа.
Сүүлийн өдрүүдэд Ираны төв хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг “Аятолла” гэж өргөмжлөх болсон нь дээд удирдагчаар томилохын өмнө нийгмийн сэтгэл зүйг бэлдэж байсны илрэл гэж зарим ажиглагчид үзэж байна.
“Аятолла” цолыг шашны номыг дээд түвшинд эзэмшсэн нэгэнд олгодог бөгөөд мэдлэгийн үзүүлэлт гэж үздэг, дээд удирдагч болох хүний нэг гол шалгуур үзүүлэлт юм.
Гэхдээ Али Хамени ч бас 1989 онд томилогдсоныхоо дараа л “Аятолла” цолтой болж байжээ.
Можтабагийн нэр анх 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулиар олны анхаарлын төвд орж байв. Энэ сонгуулиар шашны хатуу чиг баримжаатай Махмуд Ахмадинежад ерөнхийлөгч болсон юм.
Тухайн үед шинэчлэлийн талын нэр дэвшигч Мехди Карруби өрсөлдөгчийг нь ялуулахын тулд Можтаба хөндлөнгөөс нөлөөлж, шашны бүлгүүдэд мөнгө тараасан хэмээн буруутгаж байжээ.
Дөрвөн жилийн дараа Ахмадинежадыг дахин сонгох сонгуулийн кампанит ажлын үеэр Можтаба дахин ийм дуулианд нэр холбогдож байв.
Үүний улмаас сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Ногоон Хөдөлгөөн хэмээх тэмцэл эхэлж, Можтабаг ирээдүйн удирдагчаар томилох санааг иргэд хатуу эсэргүүцэж байжээ.
Тухайн үед дотоод хэргийн дэд сайд асан Мостафа Тажзаде сонгуулийн үр дүнг “төрийн эргэлт” гэж тодорхойлсныхоо төлөө долоон жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Уг шийтгэлийг Можтабагийн хүсэл байсан гэж үздэг.
Улмаар 2009 оны сонгуулийн дараа шинэчлэлийн талын хоёр нэр дэвшигч болох Мир-Хоссейн Мусави, Мехди Каруби нар гэрийн хорионд орж байжээ.
Тиймээс олон хүн Ираны шинэ дээд удирдагчийг эцгийнхээ хатуу бодлогыг үргэлжлүүлнэ гэж үзэж байна.
Олон нийтэд танигдаагүй туршлага чадвар, мөн Ираны удирдлага удам залгамжилдаг болох вий гэсэн хүмүүсийн айдас болгоомжлол түүнийг хүлээн зөвшөөрөгдөхөд саад болж магадгүй.
Израилийн батлан хамгаалахын сайд өнгөрсөн долоо хоногт Аятолла Али Хаменийг залгамжлагдсан хэн ч “устгах бай болно” гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
