Өмнөд Солонгосын засгийн газар гадаадын иргэдийн Сөүл орчимд орон сууц худалдаж авах боломжийг хязгаарлажээ
Өмнөд Солонгосын засгийн газар үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах бодлогын хүрээнд гадаадын иргэдийн Сөүл орчимд орон сууц худалдаж авах боломжийг хязгаарлах арга хэмжээ авсан нь үр дүнгээ өгч эхэлсэн тухай албаны эх сурвалж энэ долоо хоногт мэдээлжээ.
Дээрх хязгаарлалт нийслэл Сөүл хот болон түүний ойр орчим, Кёнги мужийн зарим хэсгийг хамарсан тухай тус улсын газрын яам мэдээлсэн байна.
Заагдсан бүсүүдэд гадаадын иргэд орон сууц худалдаж авах бол эхлээд орон нутгийн засаг захиргаанаас зөвшөөрөл авах ёстой болжээ.
Мөн худалдаж авснаасаа хойш дөрвөн сарын дотор уг орон сууцандаа нүүн орж, хамгийн богинодоо хоёр жил тогтвортой амьдрах ёстой болсон байна.
Уг хязгаарлалтыг өнгөрсөн оны наймдугаар сард нэвтрүүлжээ. Үүний үр дүнд өнгөрсөн оны есдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд гадаадын иргэд Сөүл хотод орон сууц худалдаж авах 1,481 наймаанд оролцсон нь 2024 оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт болсон байна.
Үүн дотор 1.2 тэрбум воноос дээш үнийн дүнтэй худалдан авалт бараг хоёр дахин буурчээ.
Гадаадын иргэдийн доторх хамгийн том бүлэг болох Хятадын иргэдийн худалдан авалт 1,544-өөс 1,053 болон буурсан бол Америкчуудынх 377-оос 208 болон буурсан байна.
Хэрвээ дээрх хязгаарлалтыг зөрчсөн нь тогтоогдвол өндөр торгууль ногдуулж, орон сууцны өмчлөх эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг болсныг яам мэдээлжээ.
Үүнээ гадна хоёрдугаар сарын 10-наас эхлэн тус яам орон сууц худалдан авч буй гадаадын иргэдээс визийн статус, оршин суугаа хаягаа мэдүүлэхийг шаардах болсон байна.
Энэ нь гадаадын иргэд зөвшөөрөлгүй түрээсийн бизнес эрхлэхээс сэргийлэх зорилготой гэнэ.
Үүнээс гадна орон сууц худалдан авч буй хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлах ёстой болжээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюний засгийн газар үл хөдлөх хөрөнгийн үнэ ханшийн хөөрөгдөлтийг зогсоох хатуу арга хэмжээнүүд авч эхлээд байгаа.
Орон сууцны өндөр үнэ залуусыг гэрлэх, хүүхэдтэй болохоос зайлсхийх нэг гол шалтгаан болж байгаа гэж үзэж байна.
Тус улсын засгийн газар 2030 он гэхэд хотын бүсэд 1.35 сая айл өрхийг орон сууцаар хангахын тулд ашиглагдаагүй газруудыг эргэлтэд оруулах, бусад үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг өөрчлөх зэрэг төлөвлөгөө боловсруулжээ.
Ерөнхийлөгч И Жэ Мюнийг зургаадугаар сард тангараг өргөснөөс хойш Сөүлийн орон сууцны үнэ үргэлжлэн өссөөр байгаа.
2021 оны эхээр орон сууцны дундаж үнэ Сөүлд 1.06 тэрбум вон байсан бол 2026 оны эхээр 1.52 тэрбум болж өссөн байна.
Эх сурвалж: Yomiuri Shimbun
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

