"Эрдэнэс Монгол" ХК-аас мэдэгдэл гаргалаа
Сүүлийн үед “Эрдэнэс Монгол” нэгдлийн 18,000 гаруй уурхайчин, инженер, техникийн ажилтан, албан хаагчдын хийж хэрэгжүүлж буй ажлыг олон нийтийн сүлжээгээр гүтгэх, мөн нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй бүтэц, орон тоог цомхон, мэргэжлийн болгох шинэчлэлийг буруугаар ойлгуулах оролдлого гарч байгаад харамсаж байна.
Иймэрхүү зүй бус, гүтгэлгийн шинжтэй үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Аливаа нэг хувь хүнтэй холбоотой гомдол, саналыг олон нийтийн сүлжээгээр бус, холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Нийгмийн сүлжээгээр дамжуулан байгууллагын үйл ажиллагааг харлуулах замаар улс төрийн болон хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх аливаа оролдлогод бид ажлын бодит үр дүн, санхүүгийн сахилга бат, баялгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлж ажиллах болно.
Манай хамт олны хөдөлмөр шударга ажил, мэргэжлийн хандлага, хамтын ажиллагаа, бодит үр дүнд тулгуурладаг. Гүтгэлэг, дайралтаар бидний бодит ажлыг хэзээ ч үгүйсгэж чадахгүй.
Нэгдлийн нэр хүнд, нийт хамт олныхоо хөдөлмөр, зүтгэлийг хамгаалахын төлөө шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад хандах болно. Цөөхөн монголчууд бид эвтэй байж, нэг нэгнээ дэмжиж, хамгаалж, хамтдаа урагшлах ёстой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

