"The MongolZ" баг ESL Pro League Season-23 тэмцээнийг хожлоор эхлүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "ESL Pro League Season 23" тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд өнгөрсөн шөнө эхэллээ. 

Энэ шатанд гурван удаа хожсон найман баг Шведийн Стокхольм хотын Annexet цэнгэлдэх хүрээлэнд аваргын цомын төлөө тоглох эрхтэй болно. 

"The MongolZ" баг хоёрдугаар шатанд дэлхийн чансааны оноогоор уригдсан бөгөөд эхний тойрогт Бразилын "paiN Gaming" багийн эсрэг өнгөрсөн шөнө тоглож, 2:0 тооны харьцаатай ялалт байгууллаа. 

Ийнхүү хоёрдугаар тойрогт эртний өрсөлдөгч Туркийн "Aurora Gaming" багийн эсрэг өнөө оройн 18:30 цагт тоглох хуваарь гарчээ. Хоёр баг өмнө нь нийт есөн удаа учраа таарахад манай улсын баг өрсөлдөгчөө долоон удаа хожиж байжээ. Хамгийн сүүлд 2025 оны аравдугаар сард зохиогдсон Thunderpick World Championship 2025 тэмцээний гуравдугаар байрын төлөө тоглон хожиж байв. 

Хэрэв өнөөдрийн тоглолтод "The MongolZ" баг хожвол дараагийн шатанд шалгарахад нэг хожил дутуу үлдэнэ. 

"ESL Pro League Season 23" тэмцээнд түрүүлсэн баг 250,000 ам.долларын шагнал авах бол дэд байрт 155,000 ам.доллар, гуравдугаарт байрт 110,000 ам.долларын шагнал өгөхөөр зохион байгуулагчид төлөвлөжээ.