Трамптай холбоотой батлагдаагүй мэдээлэл бүхий Эпштейний хэргийн шинэ баримтыг АНУ-ын засаг захиргаа ил болгов
Өчигдөр АНУ-ын хууль зүйн яам ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг нэг эмэгтэйн гаргасан батлагдаагүй мэдүүлгийг багтаасан Эпштейний хэргийн шинэ баримтыг олон нийтэд ил болгожээ.
Уг баримтыг өмнө нь ил болголгүй үлдээснээ алдаа байсныг тус яам хүлээсэн байна.
2019 онд нэгэн эмэгтэй Трампыг хүчингийн хэрэгт буруутгасан мэдүүлэг өгч байсан, түүнийг нь хууль зүйн яам ил болгосон Эпштейний хэргийн баримтуудад оруулаагүй талаар хэвлэлүүд анх мэдээлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт хууль зүйн яам уг мэдээллийн мөрөөр шалгаж эхэлснээ зарлаж байв.
Трампыг буруутгасан эмэгтэй Холбооны Мөрдөх Товчоонд нийт дөрвөн удаа байцаалт өгсөн ч эдгээрийн зөвхөн нэгийнх нь хураангуйг сая нийтэлжээ.
Трамп өөрийгөө олон жилийн өмнө Жеффри Эпштейн агсантай харилцаатай байсныг хүлээдэг ч ямар нэг гэмт хэрэг үйлдсэнээ үгүйсгэдэг.
Өчигдөр нийтлэгдсэн шинэ баримт нь 2019 онд Эпштейнийг баривчилсны дараахан Холбооны Мөрдөх Товчоонд хандсан эмэгтэйн мэдүүлэг байв.
Уг мэдүүлэгтээ тэр эмэгтэй 1980-аад оны үед Өмнөд Каролина мужийн Хилтон Хид хотод амьдардаг “Жефф” гэгч эр өөрийг нь 13 настай байхад хүчиндсэн тухай ярьжээ.
Тухайн үедээ эмэгтэй хүчиндсэн эрэгтэй хэн болохыг мэдээгүй өнгөрсөн ч олон жилийн дараа хэвлэлд нийтлэгдсэн гэрэл зургаас Эпштейн болохыг таньсан байна.
Сарын дараа өгсөн дараагийн мэдүүлэгтээ уг эмэгтэй Эпштейн ээжийг нь шоронд хийхээр сүрдүүлсэн, өөрийг нь зодож, бусад эрчүүдтэй бэлгийн харилцаанд оруулсан, нэг удаа Нью-Жерси, Нью-Йоркийн аль нэг рүү авч явахдаа Дональд Трамптай уулзуулсан, тэр өөрийг нь хүчиндэх гэхэд эсэргүүцэл үзүүлж, хазаж байснаа дурссан байв.
Холбооны Мөрдөх Товчооны агентууд эмэгтэйтэй дахин хоёр удаа уулзахдаа Трампын үйлдэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэн ч хариулахаас татгалзаж, дахин уулзалгүй холбоогоо тасалсан гэнэ.
Эмэгтэйн мэдүүлсэнчлэн Эпштейн агсан 1980-аад оны үед Өмнөд Каролинад амьдарч байсан гэх ямар ч баримт байдаггүй, бас тухайн үед Эпштейн, Трамп хоёр бие биеэ мэддэг байсан эсэх нь тодорхойгүй байна.
Эпштейнийг 2019 онд баривчлагдсаны дараахан маш олон хүн түүний тухай баримт нотолгоогүй, заримдаа зохиомол гэмээр түүхийг холбооны агентуудад мэдүүлж байсны нэг нь дээрх эмэгтэйн өгсөн мэдээлэл байж магадгүй юм.
Гэхдээ Трампын засаг захиргаа Эпштейний баримтуудыг бүрэн ил болголгүй, зарим хэсгийг нь нууж байж болзошгүй гэсэн хардлага өндөр хэвээр байна.
Лхагва гарагт Конгрессын төлөөлөгчдийн танхимын хяналтын хорооны Бүгд Найрамдах намын таван гишүүн Ардчилсан намынхантай нэгдэж, ерөнхий прокурор Пэм Бондийг энэ асуудлаар сонсголд дуудахаар болсон нь Трампын нам дотор ч бухимдал, эргэлзээ нэмэгдсэнийг харуулж байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
