Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Ерөнхий сайд асан Вэнь Жибао хөрөнгөө нуусан гэдгийг няцаав

Өглөөний сонин
2014 оны 1 сарын 22
MorninigNews.mn
Зураг зураг
Хятадын Ерөнхий сайд асан Вэнь Жибао

Хятадын Ерөнхий сайд асан Вэнь Жибао “The New York Times” сонинд гарсан мэдээллийг анх удаа үгүйсгэсэн байна. 

Эл сонинд Вэнь Жибао­гийн гэр бүл нь түүнийг Ерөнхий сайдын алба хаших 10 жилийн хугацаанд 2.7 тэрбум ам.долларын хөрөн­гөтэй болсон талаар нэг жил гаруйн өмнө мэдээлсэн юм. 

Вэнь Жибаогийн бичсэн захидлыг Хонконгийн “Ming Pao” сонинд нийтэллээ. Ерөнхий сайд асан “Би хувийн ашиг тусын тулд эрх мэдлээ урвуулан ашиг­ласан ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй бө­гөөд одоо ч холбогдохгүй. Хувийн ашиг тус нь миний итгэл үнэмшлийг ганхуулж чадахгүй” хэмээн бичжээ. 
Вэнь Жибао уг захид­лыг өнгөрсөн оны арван­хоёрдугаар сарын сүүлчээр “Ming Pao” сонины нийт­лэлч, Хятадын Үндэс­ний хурлын төлөөлөгч асан, өөрийн найз Нг Хон Мунд бичсэн байна. 

Өдгөө 86 настай Нг Хон Мун захидлыг сий­рүү­лэн ний­тэлсэн аж. Хя­тадын Ерөн­хий сайд асан захидалдаа “Би энэ дэл­хий­гээр аялж байгаа энэ үеэ сайхан бай­гаасай гэж хүсч байна. Эх дэлхийд нүцгэн ирсэн би буцахдаа дэлхийг цэвэрхэн орхихыг хүсч бай­на” гэж бичсэн гэнэ. 

“The New York Times” сонин 2012 оны аравдугаар сард англи, хятад хэлээр гаргадаг веб сайтдаа Вэнь Жибаогийн гэр бүлийн гишүүдийн санхүүг нэг жил шалгасан дүнгээ нийтэлсэн. 

Сонинд Ерөнхий сайд асны гэр бүл, хамаатан садан наад зах нь 2.7 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий санхүүгийн эзэнт улсыг бий болгосон талаар мэдээлжээ. 

Тэд барилга, даатгал, ха­рил­цаа холбоо, бриллиант, эм­нэл­гүүдийн хог хаягдал зай­луулах зэрэг салбарт үйл ажиллагаагаа эрхэлдэг гэж сонинд нотолсон юм. 

Түүнчлэн “Вэнь Жибао­гийн хүү, охин, дүү, хүргэн ах зэрэг олон хамаатан садан түүнийг төрийн эрх барих үед хэтэрхий баян болсон” хэмээн бичсэн аж. 

Гэхдээ “The New York Times” сонинд дээрх мэ­дээлэл гарсны дараа Вэнь Жибаог төлөөлсөн гэх хоёр хуульч “South China Morning Post” сонинд захидал бичиж, Вэнь Жибаогийн гэр бүлийнхэнд нуусан хөрөнгө байхгүй гэжээ. Харин Хятадын Ерөнхий сайд асны “Ming Pao” сонинд нийтэлсэн захидал нь түүний гэр бүлийн хөрөнгийн та­лаар өгсөн анхны няцаалт болсон байна. 

Ер нь Хятадын томоохон албан тушаалын улстөрчид өөрсдийгөө зөвтгөхөөр олон нийтэд ханддаггүй. Гэвч Вэнь Жибао яагаад хэвлэл мэдээлэлд няцаалт өгөхөөр шийдсэн нь тодорхойгүй аж. 

Түүнээс гадна Вэнь Жибао өөрийнхөө захидлыг со­нинд нийтлэх эрхийг өгсөн үү гэдгийг “Ming Pao” сонин дурьдаагүй байна. 

Улс төр судлаачдын таа­маглаж бай­гаагаар Хя­тадын Аюул­гүй байдлын газрын дарга асан Зоу Ёнканыг авлигын хэрэгт шалгаж бай­гаа нь шуугиан дэгдээж эхэлсэн. 

Тиймээс Вэнь Жибао санаа зовниж, сонинд за­хи­дал нийтлүүлсэн байж болох гэнэ. Хонконгийн их сургуулийн судлаач Уиллиам Лам “Миний бодлоор Вэнь Жибаогийн захидал нь түү­нийг Зоу Ёнканы да­раа шалгаж магадгүй гэс­нээс урьтсан дохио байж магадгүй” хэмээн хэллээ. 

Дашрамд дурьдахад Хя­тадын улстөрийн элитийн нууц хөрөнгийн талаар “The New York Times” сониныг мэдээлсний дараа Bloomberg сайтад Хятадын удир­дагч Си Жинпиний хамаат­нууд наад зах нь 376 сая ам.долларын хөрөнгөтэй болсон тухай мэдээлсэн аж. Харин Си Жинпин олон нийтэд хандан энэ та­лаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. 

Зураг