МЗХ-ноос удахгүй болох цагаан сарын баярыг угтан “Цагаан сар” олон улсын залуучуудын өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт БНХАУ-ын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Чан Ван Лон, Вьетнамын Элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга Нгяан Ту Нгяа Дук, Лаосын Элчин сайдын яамны төрийн нарийн бичгийн дарга хатагтай Ватсана Вонгфила болон оюутан залуучууд оролцсон юм.
Тус холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат ярихдаа “Монголд сурч ажиллаж амьдарч буй гадаад оюутан залуус, монгол залуусыг ойртуулах, хоорондоо танилцаж соёл уламжлалаа бие биедээ таниулах өдөрлөгүүд зохион байгуулж эхэлсэн. Оны өмнө бид холбоон дээрээ Лаосын өдөрлөг зохион байгуулсан.
Өнөөдөр харин соёл уламжлал, шашин шүтлэг адил төстэй Азийн орнуудын залуус маань цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг улс орныхоо ёс заншил уламжлалаа танилцуулж, монгол үндэсний тоглоом наадгайгаар тоглон, дуу хуураа сонирхуулахаар цуглаад байна.
Бид цөөн хэдэн жуулчдыг хүлээгээд суух биш оюутан залуусыг Монгол руу татах нь чухал.
Монголд сурахад тайван, таатай, боловсрол нь ОУ-ын түвшинд хүрсэн, залуус нь цоглог, хүнд тусархаг гэсэн сайхан сэтгэгдлийг төрүүлэх нь цаашид олон олон оюутныг Монголд сурах хүсэл сонирхол төрүүлэх учиртай. Бид зуны 3-н сард ирдэг цөөн хэдэн жуулчдыг хүлээгээд суух биш 3-4 жил суралцах оюутан залуусыг Монгол руу татах нь эргээд улс орны эдийн засагт чухал хувь нэмэр оруулна гэж бодож байна” гэв.
Манай улсад 30 гаруй орны 1500- гаад оюутан суралцдаг юм байна. БНХАУ, ОХУ- аас хамгийн олон оюутан сурдаг.
Мөн Азийн бусад орнууд Лаос, Вьетнам, Солонгос, Япон зэрэг орны оюутнууд суралцаж байгаа аж.
Энэ онд Монголын Залуучуудын Холбоо энэ чиглэлийн үйл ажиллагааг улам өргөжүүлэн, гадны олон оронтой харилцаа хамтын ажиллагаагаа сайжруулж, хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!