Ардчилсан Намын сайтаараа иргэний хувийн мэдээллийг авч, ашиглаж байна гэх асуудалд тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.15-д Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө болон санал авах өдрөөс 3 хоногийн өмнө тус тус цахим хэлбэрээр олгоно гэж заасан байдаг.
Энэ дагуу 2024 оны тавдугаар сард АН-д хоёр сая гаруй сонгогчийн мэдээлэл ирсэн. Энэ мэдээлэлд эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг, нас, хүйс багтдаг. Уг мэдээлэл нь 2024 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцсон бүх улс төрийн намд очсон байгаа.
АН-ын гишүүнээр бүртгүүлэх иргэн манай сайтад регистрийн дугаараа хийж нэвтрэн, өөрийн мэдээллээ баталгаажуулах зорилгоор тухайн мэдээллийг байршуулсан байсан. Харамсалтай нь иргэд өөрийн мэдээлээ сошиал сүлжээгээр ил болгоод байсан тул бид түр хугацаагаар тухайн мэдээллийг хаасан.
Энэ бол хууль бусаар олж авсан мэдээлэл биш. Мөн АН иргэдийн хувийн мэдээллийг задруулаагүй. Иргэд өөрсдөө манай намын сайт руу нэвтэрч, хувийн мэдээллээ сошиал сүлжээнд ил болгосон.
Хуульд иргэний хувийн мэдээллийг сонгуулиас өөр ашиглахыг хориглосон заалт байдаггүй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!