Сүүлийн үед цахим орчинд ёс зүйгүй авирласан Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн М.Нарантуяа-Нара болон Ц.Мөнхтуяа нарт зохих ёсны арга хэмжээ авахыг иргэн О.Энхмаа шаардаж, өнөөдөр УИХ-ын дарга Н.Учрал, ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн, ёс зүйн хорооны дарга Б.Батбаатар нарт шаардлага хүргүүлж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Уг шаардлагын товч агуулгад "Төрийн өндөр алба хашиж буй атлаа зүй бус үг хэллэг хэрэглэж иргэдийн амгалан тайван байдалд сөргөөр нөлөөлөн нийтлэг эрх ашгийг орхигдуулж, хувийн арилжааг эрээ цээргүй цахим хуудсаар явуулах, гэр бүлийн тааламжгүй харилцааг нийтэд дэлгэх, олон нийтийг цочирдуулахуйц хэт бүдүүлэг үг хэллэгээр иргэдийг доромжлох, бусдыг санхүүгийн чадамжгүй мэтээр дорд үзэж буй мэтээр аяглах нь нийт ард иргэдээ гутаан доромжилж байгаа үйлдэл юм.
Мөн өөрийгөө болон бусад гишүүдийг авлига хээл хахуулийн асуудалтай байж болзошгүй гэх хардлагыг нэмэгдүүлж, олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна.
Тэдний энэ ёс зүйгүй үйлдэл нь хүүхэд залууст сөргөөр нөлөөлөх, УИХ-ын гишүүний тангараг, төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлагыг зөрчиж байгаа хэрэг. Энэ дагуу Б.Хэрлэн нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг олон нийтээс уучлалт гуйхыг үүрэгдэж, зөвлөмж маягаар хүргүүлсэн ч тэр бусдаас "уучлалт гуйхгүй" хэмээн өөрийн цахим хуудсандаа бардамнаж байгаа нь УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах, төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна гэж үзэж байна.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа нь цахим хуудсаар бусдыг илтэд гутаан доромжилсон үйлдэлд нь хариуцлага тооцох ёстой" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!