Эпштейний хэргийг тойрсон дуулиантай холбоотой үүссэн сэтгэл зүйн дарамт, хямралын улмаас Норвегийн ерөнхий сайд асан Торбёрн Ягланд эмнэлэгт хэвтсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Тэрбээр нууцаас ил гаргасан Эпштейний хэргийн материалуудад хамгийн олон нэр дурдагдсан алдартнуудын нэг юм.
Норвегийн хуулийн байгууллагууд одоо Ягландтай холбоотой баримтуудын мөрөөр шалгаж байгаа.
Тэрбээр Европын Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа Эпштейн агсны Парис, Нью-Йорк дахь орон сууцнуудад байрлаж, АНУ-ын Флорида мужийн Палм Бич дэх эдлэнд амарч байснаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ түүний хувийн аралд очиж байснаа болон хууль бус зүйлд оролцож байснаа үгүйсгэдэг.
Ягландын өмгөөлөгч Мягмар гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа үйлчлүүлэгч нь хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ч түүнд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүйг мэдэгдэж байв.
Саяхан Норвегийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан Ягландын эзэмшлийн орон сууцанд нэгжлэг явуулсан юм.
Ягланд нь 1996-1997 онуудад Норвегийн ерөнхий сайдаар ажиллаж, дараа нь 2009-2019 онуудад Европын Зөвлөлийг тэргүүлж, мөн олон жилийн турш Нобелийн шагналын Норвегийн хороог даргалж байжээ.
Норвегийн эрх баригчдын хүсэлтээр саяхан Европын Зөвлөл түүний халдашгүй статусыг цуцалсан юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!