Уншиж байна ...

Унгарын ерөнхий сайд Орбан эрчим хүчний дэд бүтцээ Украины халдлагаас хамгаалах арга хэмжээ авах шийдвэр гаргав

Т.Давааням, ikon.mn
1 цаг 9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Виктор Орбан, Володимир Зеленский нар

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр хөрш Украин улсыг эрчим хүчнийх нь системийг тасалдуулахаар заналхийлж байгаад буруутгасны дараа чухал дэд бүтцүүдийнхээ харуул хамгаалалтыг өндөржүүлэх шийдвэр гаргажээ.

Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчдаас Кремльтэй хамгийн ойр харилцаатай байдаг тэрбээр Украин улсыг Унгарт дарамт шахалт үзүүлэхийн тулд “газрын тосны хориг” арга хэмжээ авч байгааг шүүмжилсэн байна.

Үүнээс гадна Украины эрх баригчид “Унгарын эрчим хүчний системийн үйл ажиллагааг тасалдуулах арга хэмжээ авахаар төлөвлөж байна” гэсэн тагнуулын мэдээлэл авснаа Орбан мэдэгджээ.

Ингэхдээ тэр ямар нэг нотлох баримт үзүүлээгүй байна.

“Бид эрчим хүчний дэд бүтцүүдээ халдлагаас хамгаалахын тулд цэргүүдийг дайчилж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг байршуулах болно. Цагдаа нар цахилгаан станц, түгээх систем, хяналтын төвүүдийн эргэн тойронд хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад гарна” гэж тэр мэдэгджээ.

Унгар, Словак улсуудыг Оросын газрын тосоор хангадаг “Дружба” дамжуулах хоолойн ажиллагаа саяхан тасалдсан юм. Будапештын эрх баригчид үүнд Украиныг буруутгасан бол Украины тал уг хоолойн хэсэг Оросын нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөнийг тайлбарлаж байв.

Украины дайн эхэлснээс хойш Европын орнууд Оросын газрын тос, байгалийн хийн импортыг эрс багасгасан. Харин Унгар, Словак хоёр улс үүнийгээ хэвээр хадгалж, бүр нэмэгдүүлж, Европын Холбооны авсан хоригоос түр чөлөөлөгдсөн юм.

Ням гарагт Унгар улс Украинд өгөх 90 тэрбум еврогийн Европын Холбооны зээлд хориг тавихаар сүрдүүлж, маргааш нь Оросын эсрэг авах Европын Холбооны ээлжит хориг арга хэмжээнд саад учруулаад байгаа.

Орбан өөрийн улсын газрын тосны нийлүүлэлтийг сэргэх хүртэл Европын Холбооны бусад бүх арга хэмжээнд хориг тавихаа мэдэгдээд байна.

“Дружба” хоолой нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хойш ашиглалтаас гарсан. Орос улс эрчим хүчний дэд бүтцэд халдахаа зогсоохоос наана хоолойг засварлах боломжгүй байгааг Украины тал тайлбарлаж байв.

Харин Орбан үүнд нь итгэхгүй байгаа юм.

2010 оноос хойш ерөнхий сайдаар ажиллаж буй Виктор Орбан дөрөвдүгээр сарын 12-нд болох парламентын сонгуулиар томоохон сорилттой тулгарахаар байгаа.

Тэрбээр Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчдаас хамгийн урт хугацаанд төрийн эрх барьсан хүн болоод байна.

Түүний удирддаг баруун жигүүрийн Фидес нам гол өрсөлдөгч баруун төвийн үзэл баримтлалтай Петер Мадярын намаас сонгогчдоос авах дэмжлэгээр хоцорч байгаа нь сүүлийн үеийн олон судалгааны дүн харуулж байгаа.

Орбан энэ сонгуулиар Украины эсрэг суртал ухуулгаа эрчимжүүлж, тус улсыг Унгарын оршин тогтнолд тулгарч буй хамгийн том аюул занал гэж зарлаад байна.

Мөн өрсөлдөгч Тиса нам сонгуульд ялбал Унгар улсыг Украины дайнд татан оруулж, залуусыг нь фронтын шугам руу явуулах тухай эрчимтэй ухуулж байгаа.

Будапешт хотын либерал захирагч Гергели Карачони түүний энэ үйл ажиллагаа, бодлогыг “Украинаас төдийгүй Унгарын үндэсний эрх ашгаас урвасан хэрэг” гэж шүүмжилжээ.

“Энэ бодлого түүхэнд бүтэлгүйтэл болж бичигдэнэ гэдэгт би найдаж байна. Түүх бас зөв зүйлийн талд зогссон хүмүүсийг мартдаггүй юм” гэж тэр хэлсэн байна.

2024 онд Фидес намаас гарч, сөрөг хүчнийг толгойлох болсон хуульч Мадяр сонгуульд ялбал Орбаны 16 жилийн засаглалын хугацаанд доройтсон ардчилсан институцийг бэхжүүлж, Унгар улсын барууны чиг баримжааг сэргээхээ амлаж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press