Уншиж байна ...

Африкийн цомын тэмцээний үеэр танхайрсан иргэдэд Мароккогийн шүүхээс ял өгснийг Сенегалын Ерөнхий сайд эсэргүүцэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагт хөлбөмбөгийн Африкийн Цомын тэмцээний үеэр танхайрсан Сенегалын 18 иргэнд Мароккогийн шүүх гурваас нэг жил хүртэлх хугацаагаар хорих, 5,000 хүртэлх дирхам (ойролцоогоор 550 ам.доллар) мөнгөн торгууль оноосон юм.

Тэднийг өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд өндөрлөсөн Африкийн Цомын тэмцээний шигшээ тоглолтын үеэр шүүгч Мароккогийн талд торгуулийн цохилт заасныг эсэргүүцэхдээ танхайрсан гэж хууль сахиулагчид буруутгажээ.

Уг асуудлаар Сенегалын Ерөнхий сайд Усмане Сонко парламентын хурал дээр хийсэн мэдэгдэлдээ "Ийм зүйл спортын хүрээллээс хальж байгаа нь харамсалтай байна. Найрсаг хөршүүд гэж үздэг хоёр улсын хувьд асуудлыг ингэж шийдэх ёсгүй" гэв.

Мароккогийн прокурорууд зарим хүмүүст хоёр жил ял оноохыг шүүхээс хүссэн байна. Тэд "тоглолтыг санаатайгаар тасалдуулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан" гэж үзжээ.

Ял авсан 18 хүний өмгөөлөгчид шүүхэд давж заалдах бодолгүй байгаа гэнэ. Харин Мароккогийн хаан VI Мохаммедаас өршөөл үзүүлэх хүсэлт гаргахаар төлөвлөжээ.  

У.Сонке иргэдээ суллахын тулд Засгийн газрын зүгээс чадах бүхнээ хийсэн ч нэмэр болоогүйг онцолжээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаанд сэв суусан "хүндэтгэлгүй" шийдвэр гаргасныг тэр онцлоод шаардлагатай бол ялтнуудыг харилцан шилжүүлэх хоёр талын хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаагаа илэрхийлэв.

Африкийн Цомын тэмцээний шигшээд учраа таарсан Марокко, Сенегалын тоглолтын үеэр шүүгч Мароккогийн талд торгуулийн цохилт заасныг сенегалчууд эсэргүүцсэн юм. Бухимдсан зарим тоглогчид талбайг орхиж гарсан бол хөгжөөн дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлсэн. 

Хэсэг хугацаанд тоглолт завсарласны эцэст Мароккогийн Брахим Диаз торгуулийн цохилтыг гүйцэтгэсэн ч гоол оруулж чадаагүй юм.

Улмаар Сенегалын шигшээ баг нэмэлт цагт гоол оруулснаар хоёр дахь удаагаа тивдээ түрүүлсэн билээ.

 

Эх сурвалж: BBC