Уншиж байна ...

"Монголд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд мөсөн сурын харваа чухал үүрэгтэй. Тиймээс ₮100 саяын шагналын сантай лигийн тэмцээн зохион байгуулж байна"

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Мөсөн Сурын Холбоо (ММСХ)-ноос 100 сая төгрөгийн шагналын сантай "Магнай" болон Дээд лигийн тэмцээний талаар өнөөдөр Үндэсний Мэдээллийн Төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тус холбооноос хоёр дахь жилдээ дараалан 100 сая төгрөгийн шагналын сантай лигийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус тэмцээн энэ сарын 27-ноос 28-ныг дуустал Налайх дүүргийн Цонжинболдогт байрладаг "Уурхайн дуу" зурхайд болох юм.

Мөсөн сурын харвааг Баян-Өлгий аймгийн Булган сумынхан хөгжүүлж ирснийг өргөжүүлэх зорилгоор 2008 онд холбоо байгуулжээ. Мөсөн сурын харвааны талаар Монголын Нууц Товчоо номд тэмдэглэсэн байдгийг тус холбооныхон онцолсон юм.

Энэ талаар тус холбооны Ерөнхийлөгч А.Гомбодорж "Манай холбоо 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, гаднын улсад таван салбар холбоотой үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 15,000 гаруй гишүүн, дэмжигчтэй. Бид 2014 оноос хойш спортын цол, зэрэг, 2021 оноос улсын цол, зэрэг олгож эхэлсэн.

Одоогоор спортын цол, зэрэгтэй 300 гаруй, 100 гаруй тамирчин аймаг, улсын цолтой болоод байна.

Манай улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд мөсөн сурын тэмцээн гол салбар болон хөгжүүлж байгаа. Тиймээс манай холбоо Монголд өвлийн цагаар болдог олон арга хэмжээнд хамтран оролцож ирсэн" гэж хэвлэлийн хурлын эхэнд онцолсон юм.

"Өнгөрсөн жилийн улсын аваргад тодорсон 20 багийг лигийн тэмцээнд оролцуулна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүний дараа "Магнай" болон Дээд лигийн тэмцээний талаар тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, улсын шүүгч П.Буяннэмэх "Манай холбоо 2008 оноос хойш тасралтгүй тэмцээн зохион байгуулж ирсэн. Харин олон улсын чанартай тэмцээнийг 2024 оноос, өнгөрсөн жилээс лигийн тэмцээнийг зохион байгуулах болсон.

Лигийн тэмцээний гол онцлог нь тухайн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс шигшигдсэн харваачдыг багтаа авдаг. Энэ жилийн хувьд 2025 оны улсын аваргаас тодорсон 20 багийг лигт оруулж байна.

"Магнай" лигт нийт 10 баг өрсөлдөх бол үлдсэн нь Дээд лигт оролцоно" гэв.