Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) ерөнхийлөгч Сирил Рамафоза хуурамч ажлын зарын дагуу Оросын армийн бүрэлдэхүүнд тулалдахаар Украины фронтод очсон иргэдэд нь буцах боломж олгосон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд өчигдөр “чин сэтгэлийн талархал” илэрхийлжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улсын эрх баригчид ийм замаар Донбасст очоод гацсан 17 иргэнээс нь буцааж авахыг засгийн газраасаа гуйсан хүсэлт ирсэн тухай анх мэдээлж байв.
Эдгээрийн дөрөв нь эх орондоо ирсэн, 11 нь удахгүй буцаж ирэхээр замдаа яваа, үлдсэн хоёр нь ОХУ-д байгааг ӨАБНУ-ын ерөнхийлөгчийн тамгын газар өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.
“Ерөнхийлөгч Рамафоза иргэдээ эх оронд нь буцаахад туслах хүсэлтийг эергээр хүлээж авсан ерөнхийлөгч Владимир Путинд чин сэтгэлийн талархал илэрхийллээ” гэж тамгын газраас өчигдөр гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.
Уг мэдэгдэлд цааш нь “Эдгээр залуу эрчүүдийг хөлсний цэрэгт элсэхэд хүргэсэн учир шалтгааныг тогтоох мөрдөн байцаалт үргэлжилж байна” гэжээ.
ӨАБНУ-ын хуулиар тус улсын иргэдийг засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гадаад улсын армийн бүрэлдэхүүнд тулалдахыг хориглодог.
2022 онд эхэлсэн дайны турш Орос, Украины аль аль талд гадаадын хөлсний цэргүүд тулалдаж байгаа.
ОХУ-ын армийн бүрэлдэхүүнд Африк тивийн 36 улсын 1,400 гаруй иргэн байгаа гэсэн тооцоог Украины гадаад хэргийн яам арваннэгдүгээр сард танилцуулж байжээ.
Өнгөрсөн сард зүүн Африкийн Кени улсын засгийн газар ижил замаар Украины фронтод очсон иргэдээ татаж авахаар ажиллаж байгааг мэдэгдэж байв.
Саяхан сэтгүүлчид Оросоос буцаж ирсэн Кенийн дөрвөн иргэнтэй ярилцахад тэд нийслэл Найроби хотод үйл ажиллагаа явуулдаг ажлын байр зуучлагчийн амлалтад хууртсанаа тайлбарлажээ.
ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан Жэйкоб Зумагийн охин иргэдээ Орос руу илгээх ажилд оролцсон хэрэгт нэр холбогдсоны улмаас парламентын гишүүний суудлаасаа огцорсон юм.
2009-2018 оны хооронд тус улсын ерөнхийлөгч байсан Зумагийн тэргүүлдэг сөрөг хүчний нам дээрх иргэдийг аюулаас хамгаалах мэргэжлийн сургалтад хамруулахаар ОХУ руу явуулсан тухай Өмнөд Африкийн хэвлэлүүд тухайн үед мэдээлж байв.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!