Уншиж байна ...

Хөдөлгүүрийн дуу чимээгүй байдал Ламборгинийг цахилгаан автомашин бүтээх төлөвлөгөөгөө цуцлахад хүргэсэн гэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Италийн тансаг ангиллын спорт автомашин үйлдвэрлэгч Ламборгини компани анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй “Lanzador” загвараа үйлдвэрлэхээр төлөвлөж байсныг цуцалсан юм.

Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирал Стефан Винкелман саяхан “The Sunday Times” сонинд өгсөн ярилцлагадаа ингэх болсон шалтгааныг тайлбарлажээ.

Сонирхолтой нь хүчтэй хөдөлгүүрийн нүргэлсэн чимээ спорт ангиллын автомашин эзэмшигчдийг татах нэг гол шалтгаан болдог бөгөөд цахилгаан хөдөлгүүрийн хувьд түүний дуу чимээгүй байдал сул тал болсон гэнэ.

“Цахилгаан машинууд одоогийн хэлбэрээрээ энэхүү сэтгэл хөдлөлийн холбоог бий болгож чадахгүй байна. Энэхүү шийдвэрийг жил гаруй хугацаанд дотооддоо хэлэлцэж, үйлчлүүлэгчид, дилерүүд, зах зээлийн шинжээчидтэй харилцан ярилцсаны эцэст гаргасан” гэж Винкелман ярьжээ.

Ламборгини компани 2023 онд анх Lanzador цахилгаан автомашины төслөө зарлаж, 2029 онд хоёр хаалгатай энэхүү өндөр зэрэглэлийн загвараа худалдаанд гаргахаар төлөвлөж байв.

Харин одоо тус компани бүрэн цахилгаан биш, “plug-in hybrid” буюу гадаад эх үүсвэрээс цэнэглэж болдог хайбрид хөдөлгүүртэй загварыг зах зээлд гаргахаар болсныг Винкелман мэдээлжээ.

2030 он гэхэд Ламборгини дотоод шаталтын болон цахилгааны эх үүсвэрээс батарейг нь цэнэглэх боломжтой хайбрид хөдөлгүүртэй гэсэн хоёр үндсэн төрлийн бүтээгдэхүүнтэй болох юм байна.

“Ламборгини бүрэн цахилгаан хөдөлгүүрт шилжихэд хэзээд бэлэн. Гэвч зах зээлийн сегментийн бэлэн байдал уг шилжилттэй нийцэх хараахан болоогүй байна” гэж тус компаниас мэдэгджээ.

 

Эх сурвалж: Business Insider