Уншиж байна ...

Картелын босс Эль Менчо алагдсаны дараа Мексикт болох хэд хэдэн хөлбөмбөгийн тэмцээн хойшлогджээ

Т.Давааням, ikon.mn
24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч хотуудын нэг Гуадалахарагийн ойролцоо Ням гарагт Мексикийн эрх баригчид хар тамхины картелын алдартай босс Эль Менчог баривчлах ажиллагаа явуулсан билээ.

Гуадалахарагаас баруун өмнө зүгт хэдхэн километрийн зайд оршдог Тапалпа хотоос түүнийг шархдуулан барьсан бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлэхээр нийслэл Мехико хотод хүргэх замд нас барсан юм.

Эль Менчогийн удирддаг Халискогийн Шинэ Үеийнхэн картел удирдагчаа алагдсаны дараа Мексик даяар үймээн самуун дэгдээгээд байгаа.

Халискогийн картел нь Мексиктээ хамгийн хүчирхэгт тооцогддог бөгөөд 19,000 орчим гишүүнтэй, тус улсын 32 мужийн 21-д нь үйл ажиллагаа явуулдаг.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа тус картелыг “гадаадын террорист байгууллага” ангилалд оруулж байв.

зураг
 

Эль Менчогийн үхлийн дараа дэгдсэн үймээн самууны улмаас ойрын өдрүүдэд болох байсан хөлбөмбөгийн хэд хэдэн тэмцээн хойшлогджээ.

Тухайлбал Мексикийн дээд лигийн эрэгтэй Керетаро, Хуарез багууд, эмэгтэй Чивас, Америка багуудын тоглолт хойшлогдож, лигийн хоёрдугаар дивизионы хоёр тоглолт мөн цуцлагдсан байна.

Керетаро хотын Коррегидора цэнгэлдэх хүрээлэнд Лхагва гарагт Мексик, Исландын үндэсний шигшээ багуудын нөхөрсөг тэмцээн болох байсныг Мексикийн Хөлбөмбөгийн Холбоо цуцалжээ.

Халиско мужийн төв Гуадалахара хотын Акрон цэнгэлдэх хүрээлэнд энэ зун АНУ, Мексик, Канад улсуудын хамтран зохион байгуулах FIFA-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрвөн тоглолт зохион байгуулагдах юм. Эдгээрийн хоёр тоглолтод Өмнөд Солонгосын баг оролцох бол Мексик, Испани, Уругвай, Колумбын багууд бас оролцоно.

Халискогийн картелын дэгдээсэн үймээн самуун зохион байгуулагчдыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аюулгүй байдалд санаа зовоход хүргэж байна.

 

Эх сурвалж: Associated Press