Уншиж байна ...

Япон Улсын Сангийн дэд сайд айлчлах үеэр Монгол-Японы эмнэлгийг өргөтгөх асуудлаар санал солилцжээ

Г.Мөрөн, iKon.mn
1 цаг 39 минутын өмнө
iKon.MN
зураг
 

Япон Улсын Сангийн дэд сайд Мимүра Ацүши, түүний баг, Монгол Улсад суугаа Японы элчин сайд Игавахара Масарү нар 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль(АШУҮИС)-ийн Монгол-Японы эмнэлэгтэй танилцаж, албаны төлөөлөлтэй уулзжээ.

Уулзалтын үеэр эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаатай уялдуулан эмнэлгийн өргөтгөлийн асуудлыг хөндөж, цаашид лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эмнэлгийн барилга байгууламжийг өргөтгөх хэрэгцээ шаардлагын талаар санал солилцсон байна.

зураг
 

Зочдыг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, АШУҮИС-ийн Эмнэлэг эрхэлсэн проректор Д.Цэрэндавга, Монгол-Японы эмнэлгийн захирал П.Баясгалан, эмнэлгийн удирдлагын баг, алба, тасгийн эрхлэгч нар хүлээн авч, зочдод эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний чиглэл, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар танилцуулга хийжээ. Мөн энэхүү уулзалт нь Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, эмнэлгийг өргөтгөхөд чухал ач холбогдолтой байлаа гэж АШУҮИС-аас мэдээллээ.

зураг