Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 9-ний өдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль(АШУҮИС)-ийн харьяа Монгол-Японы эмнэлэгт зочиллоо.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал П.Баясгалан үйл ажиллагааг танилцуулж, хэвтэн эмчлүүлэх тасгаар зочлон, Япон Улсад боловсрол эзэмшсэн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй уулзалт хийв.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь их сургуулийн эмнэлгийн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж, тогтвортой менежмент, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааг олон улсын жишигт хүргэхэд чухал хувь нэмэр оруулж байна гэж АШУҮИС-аас мэдээллээ.
Ташрамд дурдахад Япон улсын 7 тэрбум 985 сая иенийн буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн эмнэлэг байгуулах гэрээг 2015 оны тавдугаар сарын 12-ны өдөр байгуулсан нь буцалтгүй тусламжийн мөнгөн дүнгээр томоохон бүтээн байгуулалт болсон юм.
Тус улсын буцалтгүй тусламжаар тус эмнэлгийн барилгад 7,985,000,000 иен, аппарат тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд 1,393,000,000 иен, нийт 9,378,000,000 иенийн хөрөнгө оруулалт хийгдэж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!