Уншиж байна ...

BTS хамтлагтай холбоотой хүсэлтэд нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн өгсөн хариуг Мексикийн ерөнхийлөгч дэлгэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

К-поп урлагийн тэргүүлэгч хамтлаг BTS энэ онд дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа.

Энэ хүрээнд тус хамтлаг тавдугаар сард Мексик улсын нийслэлд гурван орой тоглохоор болсон. Гэхдээ тоглолтын тасалбар худалдаанд гарснаасаа хойш ердөө 37 минутын дотор дуусаж, олон мянган шүтэн бишрэгч нь гомдолтой үлдсэн юм.

Нэгдүгээр сарын 19-нд болсон хэвлэлийн хурлын үеэр Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум энэ асуудалд анхаарал хандуулж, BTS хамтлагийн тоглолтын тоог нэмэгдүүлэхийг хүссэн захиаг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюнд илгээснээ зарлаж байв.

Тэгвэл Баасан гарагт Шэйнбаум захианыхаа хариуг И Жэ Мюнээс хүлээж авснаа танилцуулжээ. Хоёр минутын урттай ТикТок дүрс бичлэгтээ тэр “Надад одоо Солонгосын ерөнхийлөгчөөс хүлээж авсан захиа байна” гэж хэлээд испани хэл рүү орчуулсныг нь уншсан байна.

зураг
 

“Хоёр удирдагчийн харилцан хүндэтгэл, итгэлцэл дээр суурилсан Солонгос, Мексикийн харилцаа улам гүнзгийрч байгааг харахад таатай байна” гэж бичсэн И Жэ Мюн хүсэлтийг нь BTS хамтлагийн агентлагт уламжилснаа мэдэгджээ.

Тэрбээр соёл урлагийн ихэнх үйл ажиллагааг хувийн хэвшлийнхэн авч явдгийг тайлбарлаад тус агентлагаас эерэг хариу хүлээж байгаагаа мэдээлсэн байна.

И Жэ Мюн бас захиандаа Шэйнбаумтай дахин уулзах боломжийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ.

Хоёр ерөнхийлөгч хамгийн сүүлд 2025 оны зургаадугаар сард Канадад болсон Их Долоогийн дээд хэмжээний чуулганы үеэр уулзаж байсан юм.

Шэйнбаум захианы агуулгыг танилцуулсныхаа дараа “Бүгдээрээ сайн мэдээ ирэхийг хүлээж байя” гэж үзэгчдэд хэлээд BTS хамтлагийн тоглолтын бичлэгээр видео мэдэгдлээ дуусгасан байна.

Дөрөвдүгээр сард аялан тоглолт нь эхлэх BTS хамтлаг тавдугаар сарын 7, 8, 9-ний өдрүүдэд Мехико хотын GNP Seguros Stadium цэнгэлцэх хүрээлэнд тоглох юм.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Зураг
5 | 11 | 4 өдөр