Уншиж байна ...

Европын таван улс Украины нисгэгчгүй онгоцны туршлагаас суралцахаар болсноо зарлав

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Европын таван улс Украины зэвсэгт хүчний өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэхдээ олж авсан мэдлэг, туршлагаас суралцаж, өөрийн агаарын довтолгооноос хамгаалах хямд өртөгтэй систем болон нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлтэй болох шинэ хөтөлбөр эхлүүлж байгааг зарлажээ.

Эдгээр улсууд нь Франц, Польш, Герман, Их Британи, Итали улсууд юм байна.

Украины дайн нь нисгэгчгүй онгоц буюу дроны инновацыг эрчимжүүлж, орчин үеийн тулааны тактикийг үндсээр нь өөрчилсөн үйл явдал болж байгаа.

Дээрх улсуудаас Польш улс Украинтай хамтарсан нисгэгчгүй онгоцны сургалтын хөтөлбөр, үйлдвэрлэлийн төслүүдийг хэдийнээ эхлүүлээд байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Европын агаарын орон зай болон нисэх онгоцны буудал зэрэг стратегийн байгууламжуудад үл мэдэгдэх дронууд нэвтэрсэн тохиолдол олон удаа гарах болсон.

Эдгээрийн заримд Орос улсыг буруутгадаг ч Москвагийн эрх баригчид үүнийг эрс няцааж байгаа.

“Их Британи болон манай Европын Холбооны түншүүд НАТО-гийн бамбайг бэхжүүлэхийн тулд дараа үеийн агаарын довтолгооноос хамгаалах систем болон автомат жолоодлоготой системийн салбарт хамтран хөрөнгө оруулахаар болж байна” гэж Их Британийн батлан хамгаалахад бэлэн байдал, аж үйлдвэрийн сайд Люк Поллард мэдэгджээ.

Тэрбээр цааш нь “Бидэнд агаарын аюул заналыг устгах дэлхийн хамгийн шилдэг хэрэгслүүдийн зарим нь бий. Асуудлын гол нь харьцангуй хямд өртөгтэй пуужин, дрон болон бидний өмнө тулгарч буй бусад аюул заналыг үр дүнтэй устгаж чаддаг болох явдал юм. Бид аюул заналын өртгийг батлан хамгаалах зардалтайгаа уялдуулж чадаж байгаа эсэхэд анхаарах ёстой” гэж хэлсэн байна.

Польшийн батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш дээрх улс орнууд дронд суурилсан цохилтын систем болон хямд өртөгтэй дроны хамгаалалтын системийг үйлдвэрлэх, нийлүүлэх чиглэлд хамтран хөрөнгө оруулах “Low-Cost Effectors and Autonomous Platforms” буюу LEAP нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсныг мэдээлжээ.

“Байлдааны технологи, техникүүд хурдацтай өөрчлөгдөж байна. Бид үүнд хурдан зохицох шаардлагатай” гэж тэр хэлсэн байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард Польшийн агаарын хилд Оросын дронууд нэвтрэхэд тус улс НАТО-гийн холбоотнуудынхаа хамт олон сая долларын үнэтэй сөнөөгч нисэх онгоцоор тэднийг устгаж байв.

Хэрвээ дроныг хямд өртөгтэй кинетик эсвэл цахим зэвсэг ашиглан устгавал эдийн засгийн хувьд маш өндөр хэмнэлттэй байх юм.

Нөгөө талаас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уламжлалт холбоотнуудынхаа батлан хамгаалах салбарын хүчин чармайлтыг шүүмжлэх болсны дараа Европын орнууд аюулгүй байдалдаа илүү их анхаарч, зарцуулах хөрөнгийн хэмжээг өсгөж байгаа.

“Хэрвээ бид улс орноо аюулгүй байлгахыг хүсэж байвал зэвсэгт хүчнээ бэхжүүлэх ёстой. Сайн мэдээ гэвэл бид батлан хамгаалах салбартаа хэдийн их хэмжээний хөрөнгө зарцуулж эхлээд байна. Европ ахиц дэвшил гаргаж байгаа нь НАТО-той өрсөлдөх тухай биш юм. Энэ нь НАТО-г улам хүчирхэг болгох тухай юм. Европ хүчтэй байх нь НАТО-г улам хүчирхэг болгоно” гэж Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас мэдэгджээ.

Трампын хоёр дахь засаг захиргааны үед 32 гишүүнтэй НАТО-гийн эв нэгдэл хүнд сорилттой тулгараад байгаа.

Трамп уг эвслийн холбоотон Дани улсаас Гринланд арлыг булааж авахаар сүрдүүлж, Афганистаны дайнд холбоотнуудынхаа гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэсэн мэдэгдэл хийж байв.

Гринландын зөрчил одоогоор намжсан ч Атлантын далайн хоёр эргийн харилцаа ойрын үед сайжрах төлөв харагдахгүй байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

Зураг
5 | 11 | 4 өдөр