Уншиж байна ...

Шумбагчид Байгал нуурын ёроолоос Хятадын долоон жуулчны цогцсыг гаргажээ

Т.Давааням, ikon.mn
56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Байгал нуурын ёроолд живсэн микро автобуснаас шумбагчид Хятад улсын долоон жуулчин болон нэг орос жолоочийн цогцсыг гаргасан тухай Оросын эрх баригчид Бямба гарагт мэдээлжээ.

Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев “хохирогчдын гэр бүл, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлсэн” байна. Уг ослоос нэг хятад жуулчин амьд үлдсэнийг тэр мэдээлжээ.

Жуулчдыг тээвэрлэж явсан микро автобус Баасан гарагт нуурын ёроолын 18 метрийн гүн хэсэгт живсэн юм байна. Шумбагчид цогцсуудыг хайхдаа усан доор ажилладаг камер ашиглах шаардлагатай болсон гэнэ.

Дэлхийн хамгийн гүн нуур болох Байгал нуурын хамгийн гүн хэсэг 1,642 метр хүрдэг. Өвлийн улиралд хөлдсөн нуурыг үзэх гэсэн жуулчдын тоо нэмэгддэг байна.

Микро автобус Баасан гарагт нуурын мөсөн дээр үүссэн гурван метрийн өргөнтэй ан цавд унасныг Кобзев өөрийн Телеграм хуудсаар мэдээлжээ.

“Байгал нуурын мөсөн дээр зорчих нь зөвхөн хориотой төдийгүй, үхлийн аюултай үйлдэл болохыг би дахин анхааруулж байна” гэж мэдэгдсэн захирагч зөвхөн албан ёсны аялал жуулчлалын операторуудын үйлчилгээг авахыг зөвлөсөн байна.

Сая осолдсон жуулчид ямар нэг оператор компаниар дамжилгүй, хувиараа аялж байсныг Кобзев баталжээ.

Хохирогчдын дотор 14 настай нэг хүүхэд байсан байна.

Сүүлд тэр дахин сошиал хуудсандаа “харамсалтай нь энэ эмгэнэлт явдал хүмүүст сургамж болсонгүй” гэж бичээд Баасан, Бямба гарагуудад өөр хоёр автомашин Байгал нуурын мөсөн дээр осолдоход машинд гацсан зургаан хүнийг аварсан талаар мэдээлжээ.

Өнгөрсөн сард Хятадын нэг жуулчин Байгал нуурын мөсөн дээр автомашин нь онхолдсоны улмаас амиа алдаж байсан юм.

 

Эх сурвалж: BBC

 

Зураг
5 | 11 | 4 өдөр