Америкийн сансар судлалын үндэсний байгууллага NASA пуужингийн түлшний сүүлийн туршилт нь амжилттай болсон тул ирэх сарын эхээр сансрын нисэгчдээ дэлхийн дагуул руу илгээх боломжтой болжээ.
Энэ сарын эхээр явуулсан эхний пуужингийн туршилт түлшний хэсгээс устөрөгч алдагдсан шалтгаанаар тасалдаж байсан юм.
Харин Пүрэв гарагийн орой явуулсан хоёр дахь туршилтаар ийм асуудал гараагүй юм байна.
Баасан гарагт NASA-гийн захирал Жаред Айсаакмэн сүүлийн туршилтын үр дүнг “Саранд дахин хүрэх Америкийн төлөвлөгөөнд гарсан том ахиц дэвшил” гэж мэдэгджээ.
Ингэснээр NASA-гийн Artemis II хөтөлбөрийн дөрвөн сансрын нисэгч гуравдугаар сарын 6-ны өдөр Флорида мужийн нутагт оршдог Кеннедийн сансрын буудлаас сарны зүгт хөөрөх боломжтой болж байгаа юм байна.
Уг төлөвлөгөөний дагуу Америкийн гурав, Канадын нэг сансрын нисэгч Баасан гарагийн шөнөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай эрүүл мэндийн тусгаарлалтад шилжжээ.
Сарыг тойрох аяллыг эхлүүлэх боломжит хугацаа гуравдугаар сард ердөө таван өдөр байгаа. Хэрвээ үүнийг алдвал нислэг дөрөвдүгээр сар хүртэл хойшлох юм байна. Пуужингийн эхний туршилтын үеэр гарсан алдааны улмаас NASA хоёрдугаар сард нисэх боломжоо алдаж байжээ.
Энэ удаагийн аяллаар сансрын нисэгчид саран дээр хөл тавихгүй, зөвхөн тойрч нисэх юм. NASA сарыг судлах Apollo 17 хөтөлбөрийнхөө сүүлчийн нислэгийг 1972 онд үйлдэж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!