Оросын тусгай албадын захиалгаар Украины төрийн өндөр албан тушаалтнуудын амийг хөнөөхөөр бэлдэж байсан 10 этгээдийг баривчилснаа Киевийн эрх баригчид өчигдөр мэдээлжээ.
Тэднийг Украин болон хөрш Молдовын нутаг дэвсгэрээс баривчилсан байна.
Дөрвөн жил үргэлжилж буй дайны турш Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон тагнуулын албаны дарга зэрэг хэд хэдэн өндөр албан тушаалтнуудын амь насанд халдах оролдлогыг Оросын талаас зохион байгуулсныг таслан зогсоосноо Киевийн албаныхан баталдаг.
“Украин, Молдовын хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хамтарсан мөрдлөгийн хүрээнд Украины олны танил иргэд болон гадаадын иргэдийн амь насанд халдахаар бэлдэж байсан зохион байгуулалттай бүлгийг илрүүллээ” гэж Украины ерөнхий прокурор Руслан Кравченко мэдэгджээ.
Украин даяар 20 тусдаа ажиллагаа явуулахад мөнгө, зэр зэвсэг, тэсрэх бодис, Оросын тусгай албаны ажилтнуудтай холбоо барих техник хэрэгсэл хурааж авсныг уг мэдэгдэлд дурдсан байна.
Хуйвалдаанд оролцсон этгээдүүдийн долоог Украины нутаг дэвсгэрээс, зохион байгуулагчийг оролцуулаад гурван этгээдийг Молдовын нутаг дэвсгэрээс баривчилжээ.
Молдов улсын эрх баригчид бас “Украины хэд хэдэн олон нийтийн зүтгэлтнүүдийн амь насыг хөнөөхөөр төлөвлөж байсан” этгээдүүдийг баривчилснаа мэдээлсэн байна.
Харин Оросын талаас одоогоор энэ талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.
Киевийн эрх баригчид аллагын бай болж байсан зарим хүмүүсийн нэрсийг зарласны нэг нь Украины армийн стратегийн харилцаа холбоо болон олзны цэргүүдийн солилцоог хариуцдаг албан тушаалтан Андрей Юсов байжээ.
“Оросын тал болзошгүй хохирогчийн нэр хүнд, нөлөөнөөс хамааруулан тус бүр $100,000 хүртэл хэмжээний мөнгөн шагнал амлажээ” гэж Кравченкогийн мэдэгдэлд өгүүлсэн байна.
Москвагийн эрх баригчид бас Оросын нутаг дэвсгэрт болсон хэд хэдэн цэргийн болон улс төрийн албан тушаалтнуудын амь насанд халдсан ажиллагаанд Украины тусгай албадыг буруутгадаг.
Украины тал эдгээрийн заримыг Оросын дайныг сурталчилсан, дэмжсэн, хэрэгжүүлсэн хүмүүсээс өшөө авах зорилгоор зохион байгуулснаа хүлээж байв.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!