Их Британийн засгийн газар хунтайж асан Эндрьюг хаан ширээ залгамжлагчдын жагсаалтаас хасах хуулийн төсөл боловсруулж байгааг албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Эндрью Маунтбаттен-Уиндсорын хаан ширээнд залрах боломжийг хаах энэ шийдвэр цагдаагийн мөрдлөг дууссаны дараа хэрэгжих гэнэ.
Бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейн агсантай холбоотой дуулианы улмаас өнгөрсөн оны аравдугаар сард Эндрью хунтайжийн цол хэргэмээ хураалгаж, хааны ордноос явсан билээ. Гэхдээ тэр Чарльз хааныг залгамжлах эрхтэй язгууртнуудын жагсаалтын наймдугаарт эрэмбэлэгдсэн хэвээр байгаа.
Түүний өмнө хунтайж Уиллям болон түүний гурван хүүхэд, хунтайж Харри болон түүний хоёр хүүхэд жагсдаг.
Пүрэв гарагт Эндрью 11 цагийн турш цагдаагийн газарт саатуулагдаад суллагдсан юм. Түүнийг Их Британийн худалдааны элчээр ажиллаж байхдаа улсын нууцад хамаарах баримт материалыг Эпштейн агсанд дамжуулсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.
Эндрью өнөөдрийг хүртэл өөрийгөө ямар ч буруутай үйлдэл хийгээгүй хэмээн хамгаалсаар байна.
Түүнийг саатуулагдаж байх үеэр цагдаа нар эдлэн газарт нь нэгжлэг явуулсан юм. Эндрьюгийн өмнө нь олон жилийн турш амьдарч байсан 30 өрөөтэй Рояал Лож ордонд явуулж буй нэгжлэг Даваа гарагийг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Өнгөрсөн оны аравдугаар сард засгийн газар хаан ширээ залгамжлах эрхийн жагсаалтад өөрчлөлт оруулах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдэж байжээ.
Гэвч өнгөрсөн сард АНУ-ын хууль зүйн яам Эпштейний хэрэгтэй холбоотой их хэмжээний материалыг олон нийтэд ил болгоход Эндрьютэй холбоотой шинэ баримтууд илэрч, түүнд хариуцлага тооцохыг шаардсан олон нийтийн дарамт шахалт нэмэгдсэн юм.
Эндрьюг залгамжлагчдын жагсаалтаас хасах хуулийн төслийг батлахад парламентын олонхын саналаас гадна III Чарльз хааныг төрийн тэргүүнийхээ суудалд залсан Канад, Австрали, Ямайк, Шинэ Зеланд зэрэг Хамтын Нөхөрлөлийн гишүүн 14 улсын дэмжлэг хэрэгтэй.
Өмнө нь залгамжлагчдын жагсаалтад байгаад Католик шашинтантай гэрлэснийхээ төлөө хасагдсан язгууртныг буцааж нэмэхийн тулд 2013 онд энэхүү хуулийг хамгийн сүүлд шинэчилж байжээ.
Харин 1936 онд VIII Эдвардыг хаан ширээнээс буусны дараа түүний үр удмыг жагсаалтаас хассан нь хамгийн сүүлийн хассан тохиолдол болж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!