Уншиж байна ...

Дэлхийн улс орнуудад ногдуулсан Трампын импортын татварыг АНУ-ын дээд шүүх хүчингүйд тооцов

С.Мөнхцэцэг, ikon.mn
39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт АНУ-ын дээд шүүхийн есөн шүүгчийн зургаа нь ерөнхийлөгч Дональд Трампыг гадаад улс орнуудад импортын татвар ногдуулах эрх мэдэлгүй, харин Конгресст ийм эрх мэдэл бий гэж дүгнэжээ.

Трамп шийдвэрээ 1977 оны Онцгой Байдлын Үеийн Эдийн Засгийн Эрх Мэдлийн тухай хуульд үндэслэсэн гаргасан бол дээд шүүх уг хууль ерөнхийлөгчид ийм эрх мэдэл олгоогүй гэж дүгнэсэн байна.

Дээд шүүхийн шийдвэр нь Трампын засаг захиргааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд том цохилт боллоо.

Хэдэн сарын өмнөөс Трамп хэрвээ ийм шийдвэр гарвал “эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын томоохон гамшиг” үүсэхийг урьдчилан анхааруулж байсан юм.

Гэвч дээд шүүхийн шүүгчдийн олонх нь түүний анхааруулгыг үл хэрэгсжээ.

Баасан гарагийн үдээс хойш зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр Трамп өөрийнх нь эсрэг шийдвэр гаргасан шүүгчдийг хурцаар шүүмжилсэн юм.

Тэрбээр эсрэг санал өгсөн гурван консерватив, гурван либерал  шүүгчдийг “ичгүүртэй зүйл хийсэн” хэмээн мэдэгджээ.

Дараа нь Трамп бусад хуулиар олгогдсон эрх мэдлээ ашиглан өмнө тогтоосон импортын татвараа буцаан сэргээх арга зам хайхаа амласан байна.

Энэ удаагийн дээд шүүхийн шийдвэр Трампын эрх мэдлийг хязгаарласан ховор алхам болж байгаа. Цаашдаа гадаадын иргэний АНУ-д төрсөн хүүхдийн иргэний харьяалал авах эрх, Холбооны Нөөцийн банкны ерөнхийлөгчийг зүй бус үйлдэлд буруутган огцруулах зэрэг Трампын шийдвэрүүд бас ийм асуудалтай тулгарч болзошгүй болж байна.

Бас дэлхийн бусад улс орнууд АНУ-тай хийх худалдааны яриа хэлэлцээндээ илүү хатуу байр суурь баримтлах боломж нээгдэж байгаа юм.

Энэ шийдвэр мөн Трампын засаг захиргааг өнгөрсөн оны турш цуглуулсан импортын татварын орлогынхоо ихэнх хэсгийг бусад улс орнуудад буцааж төлөх шаардлагатай болгож магадгүй байна.

Дээд шүүх энэхүү нарийн төвөгтэй асуудлыг доод шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр үлдээжээ.

Цаашдаа Трамп дахин аливаа гадаад улс оронд импортын өндөр татвар ногдуулахыг хүсвэл Конгрессоос асуух хэрэгтэй болж байна.

Гэвч Конгрессын төлөөлөгчдийн танхим болон Сенатад эзэлж буй Бүгд Найрамдах намын цөөн суудлын давамгайллаар ерөнхийлөгчид ийм эрх мэдэл өгөхөд амаргүй байх болно.

Бас энэ оны сүүлээр болох Конгрессын завсрын сонгуулиар Ардчилсан Нам суудлын тоогоо ахиулбал байдал бүр хэцүүдэх юм.

 

Эх сурвалж: BBC

 

Зураг
5 | 11 | 3 өдөр