Уншиж байна ...

Эпштейнтэй холбоотой хэргийн улмаас Чарльз хааны дүү, хунтайж асан Эндрьюг цагдаа нар түр саатуулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Чарльз хааны төрсөн дүү, Их Британийн хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн наймдугаарт эрэмбэлэгддэг хунтайж асан Эндрьюг өчигдөр 66 насных нь төрсөн өдөр цагдаа нар түр саатуулжээ.

Тэрбээр олон жилийн турш бэлгийн хүчирхийлэгч Эпштейн агсны хэрэгт нэр холбогдож байсан бөгөөд үүнийхээ төлөө өнгөрсөн онд язгууртны хэргэмээ хураалгаж, хааны гэр бүлээс тусдаа амьдрах болсон юм.

Энэ удаа хуулийн байгууллага түүнийг Их Британийн худалдааны элчээр ажиллаж байх хугацаандаа Эпштейн агсанд нууц мэдээлэл дамжуулсан хэрэгт буруутгажээ.

Хаант засаглалыг дэмждэг британичуудын олонх нь Эндрьюг баривчилсныг зөвтгөж, энэ нь “язгууртны гэр бүлийн гишүүдэд хууль бас үйлчилдгийг харууллаа” хэмээн сайшааж байна.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг үйл явдалд “маш их харамсаж” байгаагаа мэдэгджээ.

“Энэ бол ичмээр зүйл. Энэ бол маш их харамсалтай зүйл. Хааны гэр бүлд маш муу зүйл боллоо. Би маш их, маш их харамсаж байна” гэж тэр онгоцонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн юм.

Өчигдөр орой цагдаа нар хунтайж асны Норфолк дахь үл хөдлөх хөрөнгө, Сэндринхэм дэх гэрт нэгжлэг явуулсны дараа суллан явуулсан байна.

Эйлшам хотын цагдаагийн хэсгээс автомашины арын суудалд суусан Эндрью гарч яваа нь хэвлэлийн дуранд өртжээ.

Хунтайж асан өмнө нь Эпштейн агсантай олон удаа нэр холбогдож байсан ч буруугаа огт хүлээж байгаагүй юм.

2022 онд тэр Эпштейний хэргийн хохирогчдын нэг Виржиниа Жюффретэй олон сая фунт стерлингийн тохиролцоонд хүрснээр хуулийн хариуцлагаас мултарч байв.

Эндрью 2001-2011 оны хооронд Их Британийн худалдааны элчээр ажиллаж байжээ. Цагдаагийн албаны эх сурвалжууд Эпштейний хэргийн ил болсон сүүлийн баримтуудаас Эндрьютэй холбоотой бусад болзошгүй гэмт хэргийн ул мөрийг нягтлан шалгаж байгаагаа мэдэгдсэн байна.

Бүрэн нэрээрээ Эндрью Маунтбаттен-Уиндсор бол хатан хаан агсан Хоёрдугаар Элизабетын гурав дахь хүүхэд, хоёр дахь хүү юм. Тэрбээр орчин үеийн Их Британийн түүхэнд цагдаа нарт баривчлагдсан анхны дээд зиндааны язгууртан болж байна.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
5 | 11 | 2 өдөр