Уншиж байна ...

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан төрийн эсрэг бослогыг удирдсан хэрэгтээ бүх насаар шоронд хоригдох ял сонслоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл 2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр улс орондоо цэргийн дэглэм тогтоохыг завдаж, төрийн эсрэг бослогыг удирдсан хэрэгтээ шүүхээс бүх насаар шоронд хоригдох ял сонслоо.

Шүүх түүний үйлдлийг “төрийн эсрэг бослого” гэсэн хуулийн тодорхойлолтод нийцэж байгааг баталсан ч прокуроруудын гаргасан цаазаар авах хүсэлтийг дэмжихээс татгалзжээ.

Өмнөд Солонгосын эрүүгийн хуулийн дагуу ийм гэмт хэрэг үйлдсэн хүнд цаазаар авах, хөдөлмөрийн хөлстэй бүх насаар хорих, хөдөлмөрийн хөлсгүй бүх насаар хорих гэсэн гурван төрлийн ял оноодог.

Юн Сүк Ёл цэргийн дэглэм тогтоох зарлиг гаргаснаасаа хойш яг 443 хоногийн дараа ийнхүү шийтгүүлж байна.

Өмнөд Солонгосын парламент буюу Үндэсний Ассамблейн үйл ажиллагааг зогсоохоор цэргийн хүч илгээсэн үйлдэл нь “төрийн эсрэг бослого” гэж үзэх үндэслэл болж буйг шүүх тайлбарлажээ.

“Төлөвлөгөөг нарийвчлан боловсруулаагүй байсан, бие махбодын шууд хүчирхийлэл бараг үйлдэгдээгүй” нь цаазын ялаас татгалзах шалтгаан болсныг бас тайлбарласан байна.

Харин Юн Сүк Ёлын өмгөөлөгчид цэргийн дэглэм зарласан нь ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу олон нийтийг үндэсний хэмжээний хямрал үүсэхээс сэрэмжлүүлэх зорилготой байсан гэж тайлбарлажээ.

Тиймээс тэд үнэнийг үл хэрэгссэн шүүгчдийн шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлээд “эцсийн шат хүртэл” давж заалдахаа мэдэгдсэн байна.

Өчигдөр шүүх бас бослогод гүнзгий оролцсон батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хюнд 30 жил, төлөвлөгөө гаргалцсан чөлөөнд гарсан хошууч генерал Но Сан Вонд 18 жил, парламентын байрыг бүслэн хаасан цагдаагийн газрын дарга асан Чо Жи Ход 12 жилийн хорих ял оноожээ.

Энэ хэрэг нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн онцгой байдлын үед эдлэх эрх мэдэл болон үндсэн хуулийн хязгаарлалтын хоорондох хил хязгаарыг хөндсөн асуудал юм.

Үүнтэй төстэй хэргээр 1996 онд ерөнхийлөгч асан Чун Ду Хван анхны шүүх хурлаасаа цаазын ял сонсож байв.

Түүнийг 1980 онд Гванжу хотод ардчиллын төлөө иргэдийн жагсаалыг цэргийн хүчээр нухчин дарсан хэрэгт буруутгаж байжээ. Сүүлд Чун Ду Хван бүх насаа хоригдох шийтгэл хүлээсэн ч 1997 онд ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдаж байв.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Зураг
5 | 11 | 2 өдөр