Үндэсний ууган үйлдвэрлэгч Сүү ХК-ийн хэрэгжүүлсэн “Байртай сүү-2” хөтөлбөрийн супер азтан тодорч, 2 өрөө байрны түлхүүрийг албан ёсоор гардууллаа.
1958 онд байгуулагдсан тус компани нь Улаанбаатар хотоос 350 км радиуст байрлах 2500 гаруй малчин, фермерээс өглөө бүр шинэхэн сүүг татан авч, өдгөө Монгол Улсын 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд тархан суугаа хэрэглэгчдэдээ чанар, стандартын шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлж ирсэн үндэсний үйлдвэрлэгч юм.
Сүү ХК нь хэрэглэгчдээ урамшуулах зорилгоор жил бүр “Байртай сүү”, “Таргийн баяр-90 саятан”, “Иштэй азтан” зэрэг хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Байртай сүү-2” хөтөлбөр нь айл өрхийн амьдралд бодит өөрчлөлт авчрах, урт хугацааны үнэ цэн бүтээхэд чиглэсэн гэдгээрээ онцлог болжээ.
Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга:
“Сүү ХК нь ‘Байртай сүү’ хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь сүүний хэрэглээг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэдээ бодит үнэ цэн олгох зорилготой бөгөөд үр дүнгээ өгч байгаад бид баяртай байна.
Энэ удаагийн хөтөлбөрт орон даяар мянга мянган хэрэглэгч оролцож, олон азтан тодорсон. Харин супер азтан маань Замын-Үүд сумаас тодорч байгаад туйлын баяртай байна. Өнгөрсөн жилийн ‘Байртай сүү’ хөтөлбөрийн супер азтан Эрдэнэт хотоос тодорч байсан.
Энэ нь манай хөтөлбөрийн цар хүрээ Монгол орны өнцөг булан бүрд хүрч, нийслэл төдийгүй орон нутгийн хэрэглэгчид идэвхтэй оролцож байгааг илтгэж байна. Үндэсний үйлдвэрлэгчийн хувьд бид хэрэглэгчдийнхээ итгэлийг дааж, цаашид ч бодит үр өгөөж бүхий хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно.”
Тус хөтөлбөрийг санаачлахдаа орон гэр, тогтвортой амьдрах орчин нь хүн бүрийн хамгийн суурь хэрэгцээ гэсэн үзэл баримтлалд тулгуурласан байна. Эрүүл хүнсний хэрэглээтэй адил аюулгүй, өөрийн гэсэн орон байртай байх нь гэр бүл бүрийн хамгийн том мөрөөдөл байдгийг харгалзан үзэж, богино хугацааны шагналаас илүү бодит үр өгөөжтэй шийдэл санал болгосон аж.
Өмнөх “Байртай сүү-1” хөтөлбөрийн супер азтан Эрдэнэт хотоос тодорч байсан бол энэ удаагийн супер азтанаар Замын-Үүд сум, Дорноговь аймгийн харьяат, үнэнч хэрэглэгч Ж.Эрдэнэбаяр тодорсон байна. Тэрбээр өдөр тутамдаа хэрэглэдэг Шимт болон Милк брэндийн сүүг худалдан авснаар сар шинийн баярын босгон дээр 2 өрөө байрны эзэн болжээ.
Супер азтан Ж.Эрдэнэбаяр:
“Анх ажил дээрээ байж байгаад телевиз үзэж суутал байнга хэрэглэдэг сүүний маань реклам гарсан. Тэгэхэд нь “таг дээрх кодыг нь бүртгүүлээд үзье” гэж бодоод бүртгүүлж эхэлсэн юм. Ингээд супер азтан болно гэж үнэхээр төсөөлөөгүй. Туйлын их баяртай байна.
Шууд нэвтрүүлгийн үеэр над руу залгасан. Тэр үед би Замын-Үүдэд, гэртээ ганцаараа байсан. Эхэндээ огт итгээгүй. Тэгээд шууд нэвтрүүлгээ үзэж байж сая нэг үнэн гэдгийг ойлгосон. Гэхдээ тэр дороо гэр бүлийнхэндээ хэлээгүй, маргааш нь өөрөө тайвширч байгаад дуулгасан. Тэр мөчид сандрах, гайхах зэрэгцээд олон янзын мэдрэмж төрсөн.
Сонирхолтой нь, манай нэг дүү бөхийн барилдаан үзэж байгаад “сувгаа эргүүлээд өгөөч” гэж гуйсны дагуу суваг сольж байхад санамсаргүй байдлаар тэр рекламтай таарсан юм. Тэр л агшин өнөөдрийн энэ азтай мөчийн эхлэл болсон гэж бодож байна. Түүнээс хойш би ер нь сүүгээ уугаад, кодыг нь заавал бүртгүүлэх “чухал ажилтай” болсон доо.
Мөн азтан болсны дараа олон хүн над руу залгаж, баяр хүргэж, “үнэхээр байртай болсон уу, юу мэдэрч байна” гэж асуусан. Зарим нь хөтөлбөр үнэн шударга эсэхэд эргэлзэж байсан бололтой. Харин би өөрөө ч анхандаа итгэж чадахгүй байсан болохоор сайн хариулж амжаагүй. Гэхдээ болдог юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ.”
Гурван сар гаруйн хугацаанд үргэлжилсэн уг хөтөлбөрт орон даяар олон мянган хэрэглэгч хамрагдсан бөгөөд үндэсний үйлдвэрлэлээ дэмжин идэвхтэй оролцсон нийт хэрэглэгчдэд талархал илэрхийлж байгааг зохион байгуулагчид онцолсон юм.
Тус хөтөлбөр нь хэрэглэгчдэд бодит үнэ цэн бүтээсэн томоохон урамшууллын нэг болж, нийгмийн эерэг хандлагыг түгээсэн арга хэмжээ боллоо.
Сүүн соёлыг түгээгч - Сүү ХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!