Норвегийн цаначин Йоханнес Клебо 4х7.5 км-ын буухиа уралдаанаас алтан медаль хүртсэнээр цагаан олимпоос ес дэх түрүүгээ авсан юм. Ингэснээр Й.Клебо өвлийн олимпоос хамгийн олон алтан медаль хүртсэн тамирчин боллоо.
Өдгөө 29 настай, Норвегийн Ослод төрж өссөн цаначин залуу 2018 онд гурав, 2022 онд хоёр, энэ удаагийн олимпоос дөрвөн алтан медаль зүүсэн байна.
Түүнээс өмнө Норвегийн цаначин алдарт Марит Бьёрген, Бьорн Дэли, биатлонч Оле Бьорндален нар найман алтан медалиар уг жагсаалтыг тэргүүлж байв.
Харин одоо Й.Клебогийн урд алдарт усанд сэлэгч Майкл Фелпс 23 алттайгаар бичигдэж байна. Түүнтэй ижил есөн алт авсан бусад тамирчид нь бүгд зуны спортын төлөөлөгчид аж.
Норвегичууд энэ удаагийн олимпоос одоогийн байдлаар хамгийн олон буюу 12 алт, 7 мөнгө, 7 хүрэл нийт 26 медалиар тэргүүлж байна. Италичууд найман алт, 22 медальтай удаалж буй бол АНУ-ын баг таван алт, 17 медальтайгаар эхний гуравт жагсаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!