АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп удаан хугацаанд хэрэгжиж буй Ираны цөмийн хөтөлбөрийг хяналтдаа авахын тулд Тегераны эрх баригчдад үзүүлэх дарамт шахалтаа улам эрчимжүүлж байна.
Тэрбээр саяхан АНУ-ын хоёр дахь нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц Ойрх Дорнодыг чиглэн хөдөлсөн тухай мэдэгдэж байв.
Энэ үеэрээ Трамп бас Ираны дэглэмийг солих хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлсэн нь анхаарал татаж байна.
Сэтгүүлч түүнээс энэ талаар асуухад “байж болох хамгийн сайн зүйл мэт санагдаж байна” гэж хариулжээ.
Ингэхдээ Трамп одоогийн дэглэмийн оронд хэн Ираныг удирдах ёстойг хэлэхээс татгалзсан байна.
“Тэнд ард түмэн байгаа. Сүүлийн 47 жилийн турш тэд энэ талаар ярьсаар байна” гэж Умард Каролина мужийн Форт Брагг цэргийн баазад болсон арга хэмжээний үеэр Трамп хэлжээ.
Вашингтоны эрх баригчид Ираны цөмийн хөтөлбөрийг зөвхөн энхийн зориулалтаар хэрэгжүүлэхийг баталгаажуулсан гэрээ байгуулахыг хүсэж байгаа. Бас уг гэрээнд Ираны баллистик пуужингийн технологи, бүс нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийн дэмжлэг, ард түмэнтэйгээ харилцах харилцааны асуудлыг оруулахыг хүсэж байна.
Хэрвээ гэрээ байгуулах тохиролцоонд хүрэхгүй бол Иранд томоохон байлдааны ажиллагаа явуулахаар Трамп сүрдүүлж байгаа. Нөгөө талаас Тегераны эрх баригчид ингэвэл хатуу хариу арга хэмжээ авахаа амласаар байна.
Өнгөрсөн оны зун АНУ-ын зэвсэгт хүчин Ираны цөмийн байгууламжуудыг устгах ажиллагааг явуулсан юм.
Уг ажиллагааны дараа Иранд юу үлдсэнийг сэтгүүлчид асуухад Трамп “тоос” гэж хариулаад “Хэрвээ одоо бид үүнийг хийвэл хамгийн бага хүчээр үлдсэнийг нь устгах болно” гэж мэдэгджээ.
Одоо Ираны ойролцоо тэнгист USS Abraham Lincoln тээвэрлэгч хөлөг хэд хэдэн байлдааны хөлөг, сөнөөгч болон тагнуулын нисэх онгоцнуудтай хамт байрлаж байгаа.
Удахгүй тэдэнтэй USS Gerald R. Ford тээвэрлэгч хөлөг нэгдэхийг Пентагоны албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Дэлхийн хамгийн том, АНУ-ын хамгийн шинэ уг тээвэрлэгч сүүлийн саруудад Карибын тэнгист Венесуэлийн эсрэг ажиллагаанд оролцож байсан юм.
Уг хөлөг хамгийн богинодоо нэг долоо хоногийн дотор Ойрх Дорнодод хүрэх боломжтойг эх сурвалж мэдээлжээ.
Энэ зуур Ирантай яриа хэлэлцээ эхлүүлэх ажилд ахиц дэвшил гарсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр ирэх Мягмар гарагт АНУ-ын тусгай элч нар болох Стив Виткофф, Жаред Кушнер нар Женев хотод Оман улсын зуучлалаар Ираны төлөөлөгчидтэй уулзахаар болжээ.
Тэд бас энэ өдөр Украин, Оросын төлөөлөгчидтэй Женевт уулзах юм байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!