Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный агсныг Кремлийн эрх баригчид хортой мэлхийн арьснаас гаргаж авдаг аюултай химийн бодисоор хордуулж алсныг тогтоосноо Европын таван улс Бямба гарагт зарлажээ.
Их Британи, Франц, Герман, Швед, Нидерландын гадаад хэргийн яамдын хамтарсан мэдэгдэлд Навальный агсны биеэс авсан дээжийн шинжилгээгээр “эпибатидин” илэрснийг баталсан байна.
Энэ нь Өмнөд Америк тивийн уугуул амьтан болох нэг төрлийн мэлхийн арьсанд агуулагддаг хорт бодис тул Орос улсад байгалийн замаар олдох боломжгүй гэнэ.
Дээрх таван улс Орос улсыг Химийн Зэвсгийн Конвенцыг зөрчсөн үндэслэлээр Химийн Зэвсгийг Хориглох Байгууллагад мэдэгдэхээр болжээ.
Европын холбоотнууд Германы Мюнхен хотод үргэлжилж буй олон улсын аюулгүй байдлын хурал дээр энэ дүгнэлтээ танилцуулсан байна.
Уг арга хэмжээнд Навальный агсны бэлэвсэн гэргий Юлия Навальная оролцож байгаа юм.
Албан тушаалтнуудын авлигын эсрэг тэмцлийг удирдаж, Кремлийн эсрэг томоохон жагсаал зохион байгуулж байсан Навальный 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Умард Туйлын бүсэд оршдог чанга дэглэмтэй шоронд нас барж байв.
Тэрбээр улс төрийн сэдэлтэй гэгддэг хэргийн улмаас 19 жилийн хорих ял эдэлж байжээ.
“Орос улс Навальныйг аюул занал гэж үзэж байсан. Ийм төрлийн хор хэрэглэснээрээ Оросын төр өөрт нь жигшүүрт арга хэрэгслүүд байгааг, бас улс төрийн сөрөг хүчнээс айж байгаагаа харуулсан юм” гэж Их Британийн гадаад хэргийн сайд Ивет Купер мэдэгдсэн байна.
Навальныйг хордуулсан нь “Владимир Путин эрх мэдлээ хадгалахын тулд өөрийн ард түмний эсрэг биологийн зэвсэг ашиглахад бэлэн байгааг харууллаа” гэж Францын гадаад хэргийн сайд Жан Ноэль Баррот мэдэгджээ.
Өнгөрсөн онд Навальный агсны гэргий хараат бус хоёр лабораторийн шинжилгээгээр нөхөр нь нас барахынхаа өмнөхөн хордсоныг баталснаа зарлаж байв.
Оросын албаныхан үүнийг эрс няцааж байлаа.
Юлия Навальная өчигдөр “эхний өдрөөс нөхрөө хордсон гэдэгт итгэлтэй байсан”, “харин одоо нотлогдож байна” гэж ярьжээ.
“Путин химийн зэвсгээр Алексейн амийг хөнөөсөн. Түүнд хариуцлага хүлээлгэх ёстой” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн юм.
Навальныйг гэнэт өвдөж, байгалийн жамаар нас барсан гэж Оросын эрх баригчид мэдээлж байв.
Эпибатидин нь зэрлэг байгальд зөвхөн мэлхийн арьснаас олддог бодис юм. Гэхдээ лабораторид үйлдвэрлэх боломжтой бөгөөд Навальныйд ийм аргаар гаргаж авсан хорыг хэрэглэсэн гэж Европын эрдэмтэд үзэж байна.
Уг хор нь хүний мэдрэлийн системд нөлөөлж, амьсгал давчдуулж, таталт өгч, зүрхний цохилтыг удаашруулж, эцэст нь үхүүлдэг гэнэ.
Навальный 2020 онд бас хордож байсан бөгөөд мөн химийн бодис ашигласан гэх дүгнэлтийг Европын лаборатори гаргаж, Оросын эрх баригчид үүнийг няцааж байлаа.
Тэрбээр Германд таван сарын турш эмчлүүлснийхээ дараа ОХУ-д буцаж очоод баривчлагдаж, амьдралынхаа сүүлчийн гурван жилийг шоронд өнгөрөөсөн юм.
Их Британи улс Оросын эрх баригчдыг олон улсын хоригийг зөрчин хими, биологийн зэвсэг хэрэглэсээр ирсэн гэж буруутгадаг.
2018 онд Английн Сэлисбэри хотод Оросын тагнуулын албаны офицер асан Сергей Скрипалийг “новичок” гэгддэг химийн бодисоор хордуулсан хэрэг гарч байв. Үүний улмаас Скрипаль охины хамт хүндээр өвдөж, уг бодистой хаягдсан лонхыг олсон Британийн иргэн эмэгтэй Даун Старжесс амиа алдаж байжээ.
Хэргийг мөрдсөн Британийн мэргэжилтнүүд уг халдлагыг Оросын удирдлагын хамгийн дээд түвшнээс буюу ерөнхийлөгч Путинээс захиалсан гэх дүгнэлтийг гаргаж, Кремлийнхэн үүнийг эрс үгүйсгэж байв.
2006 онд Лондонд нас барсан Оросын тагнуулын агент асан Александр Литвиненког цацраг идэвхт полониум-210 бодисоор хордуулсан хэрэгт мөн Кремлийн эрх баригчдыг буруутгаж байжээ.
Оросын хоёр агент уг халдлагыг үйлдсэн бөгөөд ажиллагааг Путиний шууд даалгавраар гүйцэтгэсэн байх өндөр магадлалтай гэж Британийн тал тухайн үед дүгнэсэн юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!