Уншиж байна ...

Л.Ганзориг: Камерын тусламжтайгаар 10-60 минутын хугацаанд гэмт хэргийн сэжигтэй этгээдийг олдог болсон

Д.Янжиндулам, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6,377 теле камер ажилладаг байна. Үүнээс 4,113 камерыг нэгдсэн болон дэд төвд холбожээ. Ингэснээр гэмт хэрэг илрүүлэхэд бага цаг зарцуулдаг болжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Теле хяналтын ашиглалтын тасгийн дарга Л.Ганзориг “2,606 камерыг Улаанбаатар хотын 176 уулзварт шинээр суурилуулсан.  Өмнө нь цагдаагийн алба хаагч ямарваа нэг гэмт хэрэг зөрчлийг илрүүлэхдээ ААН-үүдийн камерыг шүүдэг байлаа.

Камерын тоо хүрэлцээгүй, дутмаг байдгаас шалтгаалан автомашины дугаар таних зэрэг асуудал маш хүндрэлтэй байсан. Нэгдсэн төвлөрсөн системтэй болсноор камерын нягтаршил, тооноос хамаарч, хэрэг илрүүлэхэд бага цаг зарцуулан, шуурхай илрүүлж байна.

Нэг цэгээс, олон өнцгөөс тусгасан, чанартай бичлэг болон эд мөрийн баримт болгож авдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түргэн, шуурхай тасралтгүй явуулах боломж бүрдэж, цаг хугацааг хэмнэдэг болсон.

Хэргийн онцлог, хэрэг үйлдэгдсэн газар орчноос хамаарч 3-7 хоног зарцуулдаг байсан бол одоо биечлэн очиж шүүвэл 10-60 минутын хугацаанд сэжигтэй этгээдийг олж нотлох баримтыг бэхжүүлэн авдаг болсон” гэв.