Уншиж байна ...

“Hello Kitty” дүрийн дизайнер 46 жилийн дараа тэтгэвэртээ гарч байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дахинд алдартай “Hello Kitty” муурын дүрийг зохион бүтээсэн дизайнер 46 жилийн дараа ажлаа бусдад шилжүүлэхээр болжээ.

Юко Ямагүчи уг дүрийг анх гарснаас нь хойш таван жилийн дараа буюу 1980 оноос эхлэн ерөнхий дизайнерын үүргийг гүйцэтгэх болсон байна.

Энэ дүр үнэндээ муур биш, Лондон хотын бяцхан охин юм.

“Hello Kitty” гарсан дороо Японд алдаршсан бол Ямагүчигийн удирдсан 40 гаруй жилийн хугацаанд дэлхийн хамгийн ашигтай франчайзуудын нэг болж чаджээ.

Дүрийг эзэмшигч Санрио компани Ямагүчигийн хичээл зүтгэлд талархал илэрхийлээд түүний үүргийг дараа үеийнхэн залгамжилж авахаар болсныг зарласан байна.

“Hello Kitty” нь Японы хэт эмэгтэйлэг, охидын гоо зүйн илэрхийлэл болох “кавай” соёлыг дэлхий дахинд түгээсэн гавьяатай.

Ямагүчи өөрөө олон нийтийн газарт байнга Китти маягийн даашинз өмсөж, үсээ боож явдаг байв.

зураг
 

70 настай түүнтэй сүүлийн жилүүдэд “Ауа” гэх нэрээр алдаршсан өөр нэг дизайнер хамтран ажиллаж байсан бөгөөд тэр 2026 оны сүүлээр ажил үүргээ бүрэн шилжүүлж авах юм байна.

Харин Ямагүчигийн хувьд Санрио компанид зөвлөх үүрэгтэй үлдэх гэнэ.

“Hello Kitty” дүр анх 1980 онд зоосны хэтэвч дээр гарч ирсэн юм.

Сүүлд хувцас, дагалдах хэрэгсэл, видео тоглоом, тэр ч байтугай Airbus нисэх онгоцны дүр болж байжээ.

Unicef, Nintendo, Balenciaga зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, Мэсигийн талархлын баярын жагсаалд хөвөгч хэлбэрээр ашиглагдаж байв.

Дэлхий даяар “Hello Kitty” брэндийн кафенууд олон байдаг бол Японд сэдэвчилсэн зугаа цэнгээний парк байдаг. Хятадад удахгүй бас нэг парк нээгдэх гэж байгаа.

Санрио компани энэ дүрээ “хүн ч биш, муур ч биш” гэж тодорхойлсон байдаг. Мөн Лондонд төрсөн, Мимми нэртэй ихэр эгчтэй, Диар Даниэл нэртэй найз залуутай гэж тодорхойлсон байна.

Китти 2028 онд Warner Bros студийн уран сайхны кинонд анх удаа өөрийн дүрээр гарах гэж байгаа. Тэр өмнө нь хэд хэдэн энимэйшн кинонд оролцсон ч амгүй тул огт ярьж байгаагүй гэнэ.

 

Эх сурвалж: BBC