АНУ-ын хууль зүйн яамнаас хамгийн сүүлд нийтэлсэн бэлгийн хүчирхийлэгч Эпштейн агсны хэргийн баримтуудад Арабын Нэгдсэн Эмират Улсын хамгийн баян, нөлөө бүхий хүмүүсийн нэгний нэр олон удаа дурдагдсан байв.
Султан Ахмед бин Сулайем бол дэлхийн 80 гаруй улстай далайн замаар холбогддог Дубай хотын томоохон боомт DP World-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын албан тушаалыг 30 гаруй жил хашиж буй хүн юм. Энэ утгаараа тэр дэлхий дахины худалдаанд асар их нөлөөтэй нэгэн байв.
Тэгвэл өчигдөр буюу Баасан гарагт Дубайн засгийн газрын хэвлэл мэдээллийн алба түүний албан тушаалд өөр хүн томилогдох болсныг зарласан байна.
Сүүлд задарсан баримтуудад Сулайемын нэр хэдэн мянган удаа дурдагдсан байв. Эпштейн агсан түүнийг “хөгжилтэй”, “боловсролтой”, “мастер”, “хамгийн сайн, итгэлтэй найз” гэх мэтээр тодорхойлсон байжээ.
Эпштейн, Сулайем нарын хооронд солилцсон захидал, мессэжүүдэд охид, хүүхнүүдийн тухай задгай яриа, садар самуун материал, бизнесийн санал, мөн ямар нэг эрүү шүүлтийн дүрс бичлэгийн талаар дурдсан байна.
Мягмар гарагт Конгрессын гишүүдийн шаардлагаар АНУ-ын хууль зүйн яам нийтлэгдсэн материалаас зургаан хүний нэрийг ил болгосны дотор Сулайемын нэр багтжээ.
Тэдний харилцаа хамгийн багадаа арван жил үргэлжилсэн байв. Тухайлбал Эпштейн 2009 оны есдүгээр сард насанд хүрээгүй хүнийг бэлгийн мөлжлөгт ашиглахыг оролдсон хэргээр шоронд суугаад гарсны дараа эхэлж, 2019 онд шоронд нас барах хүртэл нь үргэлжилжээ.
Дээрх баримт дэлгэгдсэний дараа DP World компанитай бизнесийн харилцаагаа зогсоож байгааг Британийн хөрөнгө оруулалтын сан, Канадын хоёр дахь том тэтгэврийн сан зэрэг байгууллагууд зарласан юм.
Сулайем нь АНУ-ын олон нийтэд төдийлөн танил хүн биш. Гэхдээ Эпштейний хэргийн дуулиан түүнийг америкчуудын анхаарлын төвд оруулаад байна.
2009 онд Эпштейн нэрийг нь нууцалсан хүн рүү “Та хаана байна? Та зүгээр үү? Надад эрүү шүүлтийн бичлэг таалагдсан” гэж бичсэн байжээ.
Сүүлд Конгрессын гишүүдийн шаардлагаар хүлээн авагчийн нэрийг ил болгоход тэр нь Сулайем байсан юм.
Тэд бас бизнесийн санал солилцож, дэлхийн улс орнуудын дипломат харилцаанд хэрхэн оролцох, зуучлах, ашиг сонирхлоо яаж хамгаалах арга замуудын талаар хэлэлцэж, харилцан нэгэндээ тусалдаг байжээ.
Эпштейний эзэмшлийн Карибын тэнгис дэх аралд Сулайем байнга зочилдог байсан бололтой.
Сулайем бас 2015 оны наймдугаар сард эхнэр, гурван хүүхэд, асрагчийн хамт Санта Фед амарч явахдаа Эпштейнд садар самуун зураг, материал илгээсэн баримт олджээ.
2013 оны зургаадугаар сарын 13-нд Эпштейнд бичсэн захидалдаа тэр “Би завин дээрээ шинэхэн 100 хувь орос хүүхнийг туршихаар явлаа” гэсэн байв.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!