Уншиж байна ...

Мадурог баривчлах ажиллагаанд оролцсон АНУ-ын цэргүүдтэй уулзахдаа Трамп нууц зэвсгийн талаар дахин ярив

С.Мөнхцэцэг, ikon.mn
31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах ажиллагаанд оролцсон элит цэргүүдтэйгээ уулзахдаа өмнө нь нэг удаа дурдаж байсан “дискомбобулатор” зэвсгийн талаар дахин ярьжээ.

Умард Каролина муж дахь Форт Брагг цэргийн баазад тэр анх удаагаа олон нийтийн өмнө энэхүү нууцлаг зэвсгийн талаар ярьсан юм.

Өмнө нь Трамп хэвлэлд өгсөн ярилцлагадаа “дискомбобулатор”-ын талаар нэг удаа цухуйлгаж байв.

“Тэд ямар ч зэвсэг хэрэглэж чадаагүй болохоор одоо болтол дискомбобулаторын тухай гайхаж ярьсаар байна. Оросын зэвсэг техник ажиллаагүй. Хятадынх бас ажиллаагүй. Бүгд л яагаад ажиллахгүй байгаагийн учрыг олохыг хичээж байсан. Хэзээ нэг өдөр шалтгааныг нь олж магадгүй юм” гэж Трамп бахархалтайгаар ярьжээ.

Тэрбээр цааш нь “Тэр шөнө дэлхий нийтээрээ АНУ-ын цэргийн бүрэн хүчин чадлыг харсан. Энэ нь маш нарийн, гайхалтай байсан” гэж хэлсэн юм.

Энэ үеэр Трамп бас Ираны дэглэмд шахалт үзүүлэх зорилгоор Ойрх Дорнодод хоёр дахь нисэх онгоц тээвэрлэгч хөлөг илгээхээр болсныг мэдээлжээ.

“Америкийг дахин хүндэлдэг болж байна. Хамгийн чухал нь дэлхий даяарх дайснууд маань биднээс айж байгаад оршино. Би айлгах талаар ярих дургүй. Гэхдээ заримдаа нөхцөл байдлыг зохицуулж чадах цорын ганц зүйл айдас байдаг” гэж тэр хэлсэн байна.

зураг
 

Мадурог баривчлах ажиллагааны үеэр Венесуэлийн зэвсэгт хүчин дээр дурдсан нууцлаг зэвсгийн нөлөөгөөр ямар ч хариу үйлдэл үзүүлж чадаагүй гэсэн мэдээлэл бий.

Ажиллагааны үеэр нийслэл Каракас хот гэрэл цахилгаангүй харанхуй болж, Мадурогийн хамгаалалтын 83 хүн алагдаж, 112 хүн шархадсан гэдэг.

Трампын хэлснээр АНУ-ын талаас хүний амь үрэгдээгүй, нисдэг тэрэгний гурван нисгэгч шархадсан гэнэ.

Мадуро одоо хар тамхины наймаа болон бусад гэмт хэргүүдэд буруутгагдаж, АНУ-ын шоронд хоригдож байгаа. Түүний дараагийн шүүх хурал гуравдугаар сарын 17-нд Нью-Йорк хотод товлогджээ.

Трамп өмнө нь хэвлэлд “дискомбобулатор”-ын талаар ярихдаа “Би энэ талаар ярих эрхгүй хүн. Гэхдээ би танд хэлье. Тэр ямар ч тоног төхөөрөмжийг ажиллахгүй болгодог юм. Бүх зүйл гацдаг” гэж хэлж байв.

 

Эх сурвалж: AFP