Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын өндөр чансаатай багуудын өрсөлддөг PGL Cluj-Napoca 2026 тэмцээн Румын улсад энэ сарын 12-22-ны хооронд зохион байгуулагдана.
1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг тойргийн журмаар тоглох бөгөөд гурван хожилтой найман баг сүүлийн шатанд шалгарна. Шөвгийн найман багийн тоглолт хоёрдугаар сарын 20-ноос эхлэх хуваарьтай байгаа юм.
Уг тэмцээнд манай улсын "The MongolZ" баг нэгдүгээр сарын дэлхийн чансааны оноогоор уригдан оролцоно. Эхний тойрогт Бразилын paiN Gaming багийн эсрэг хоёрдугаар сарын 15-ны 01:00 цагийн үед тоглох хуваарьтай байна. Энэ хоёр баг өмнө нь нийт таван удаа учраа таарахад манай улсын баг дөрвөн удаа хожиж байлаа.
"The MongolZ" хамгийн сүүлд Intel Extreme Masters Kraków-2026 тэмцээний хэсгийн шатанд Бразилын "FURIA" баг хожигдсоноор хасагдсан. Улмаар хоёрдугаар сарын дэлхийн чансаанд хоёр байр ухарч, 10 дугаарт бичигдэж байгаа билээ. Тиймээс энэ удаагийн тэмцээн тэдний хувьд дэлхийн чансааны оноогоо ахиулахад чухал ач холбогдолтой.
PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд түрүүлсэн баг 450 мянган ам.долларын шагнал авах бол дэд байр шалгарсан нь 200 мянган ам.доллар авна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!